Венецийн 80 дахь удаагийн ОУ-ын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарчээ

Манай улсын кино уран бүтээлчид жилээс жилд олон улсын чанарт дүйцэхүйц дэлгэцийн олон бүтээл үйлдвэрлэж, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, өнгөрсөн 4-р сард дэлхийн А зэрэглэлийн Каннын кино наадамд Монгол кино анх удаа албан ёсоор сонгогдсон юм. Мөн энэ сард манай улсын залуу жүжигчин Б.Тэргэл Венецийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан бол жүжигчин Барслхагва Япон улсын олон ангит кинонд тоглосноор тус улсад манай уран бүтээлчдийн чадварыг таниулж байна. 

Япон улсын томоохон сувгуудын нэг болох TBS телевизийн "Vivant" олон ангит кино 7-р сарын 16-аас олон нийтэд цацагдаж эхэлсэн. Манай улсын уран бүтээлч Барслхагва, Эрхэмбаяр, Цасчихэр мөн 10 настай Нандин-Эрдэнэ охин тус кинонд дүр бүтээсэн нь Монгол жүжигчдийн ур чадварыг дэлхийд дахин батлан харуулсан үйл явдал болсныг уран бүтээлчид онцолж байсан юм. 

Мөн тус киноны зураг авалтыг Монгол улсад хийсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байгааг олон улсын хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Тэгвэл манай улс гадны уран бүтээлчдийг дотооддоо авч ирэх зорилгоор кино урлагийн тухай хуулинд Монгол улсын газар нутаг, онцгой байршилд гадны уран бүтээлчид зураг авалт хийсэн тохиолдолд кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгохоор болсноос хойш жил гаруйн хугацаанд олон улсын 20 орчим продакшнд кино урлагийн зөвлөлөөс зөвшөөрөл олгосны нэг нь "Vivant" киноны баг юм.

Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавих шаардлагуудыг хүргэж байна. 

Тавдугаар бүлэг: 

15 дугаар зүйл: Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгоход тавих шаардлага

  • 15.1.Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.

Уран бүтээлчдийн амжилттай яваа жишээ үргэлжилсээр энэ 9-р сард зохион байгуулагдсан Венецийн олон улсын кино наадмын оризонти хэсэгт “Сэр сэр салхи” киноны гол дүр Б.Тэргэл шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарлаа.

Монгол кино уран бүтээлчид өнгөрсөн жилүүдэд ч олон улсын кино наадамд амжилттай оролцож, гадны уран бүтээлд дүр бүтээсэн цөөнгүй жишээ байна. Харин 2022 оноос эхлэн тодорхой хэмжээний төрийн бодлоготойгоор урагшлах боломж бүрдсэнийг уран бүтээлчид онцолж байгаа юм.

Тухайлбал:

2022 оны 2-р сарын 12-ны өдөр соёлын сайд Ч.Номин засгийн газрын ээлжит хуралдаанд “Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудлыг танилцуулж улмаар дэмжигдсэн. Ингэснээр уран бүтээлчид Соёлын яам, кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр:

  • Бүгд найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын Бенналь”
  • Бүгд найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцохоор болсон.

Энэ нь Монгол улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломжтой болж байгааг уран бүтээлчид сайшааж байсан юм. 

Манай улсын соёл урлагийн салбарынхан олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдэд оролцож Монгол өв соёлыг дэлхийд сурталчилсаар байна. 9-р сарын 14-ны өдөр л гэхэд Монгол улс, Австралийн холбооны улс хоорондын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин Хуурын чуулга анх удаа Сиднейн дуурийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо хийж байна.