Бөөрний хорт хавдраар оношлогдож буй иргэдийн 50 хувь нь 3-4-р үе шатанд орсон үедээ эмнэлэгт ханддаг

Дэлхий дээр жилд 14.1 сая хүн хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас бардаг байна. Манай улсын хувьд хорт хавдраар жил бүр 5000 гаруй хүн өвдөж, 3000 гаруй нь нас бардаг гэсэн тоо баримт байна. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг байна. Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Иргэд эрт илрүүлэг, оношлогоонд хамрагдаж хавдрын эрт үед илрүүлбэл  хугацаа алдалгүй эмчлэх бүрэн боломжтой юм байна.  

Манай улсын хувьд 35-39 насныхан хорт хавдраар өвчлөх тохиолдол 2017 онтой харьцуулахад 46 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.  Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацааны статистик мэдээллээс харвал 2019 онд хамгийн их хүн хорт хавдраар нас барсан бөгөөд 2022 онд хорт хавдраар нас барсан иргэдийн тоо буурсан байна. Энэ нь мэргэжилтнүүдийн ур чадвар болон техник технологи сайжирсан, мөн олон улсын байгууллагуудтай хамтран туршлага солилцох, гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаатай холбоотой юм байна.

Мөн сүүлийн жилүүдэд бөөрний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо ихэссэн байна. Бөөрний хорт хавдраар өвчлөгсдийн 50 хувь нь 3-4-р  шатанд орсон үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг байна. Бөөрний хорт хавдар нь Монгол улсад зонхилон тохиолдох хорт хавдруудын эхний 10-т багтдаг.

Манай улсын хувьд 2017-2022 оны хооронд 36.978 иргэн хорт хавдраар оношлогдсон байна. Хэрэв иргэд эрт илрүүлэгтээ хамрагдаж чадвал умайн хүзүү, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын 60 хувийг хяналтад бүрэн авч чадна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.