Гурав хоногийн хугацаанд бага насны 3 хүүхэд өндрөөс унаж амиа алджээ

Сүүлийн үед 3 хоногийн дотор бага насны 3 хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нарын хүүхдэдээ тавих анхаарал, халамж тааруу байгааг харуулж байна. Үүнээс гадна энэ төрлийн хэрэг гарч байгаа нь дийлэнх орон сууц тагт, цонхны хамгаалалтгүй байдагтай холбоотой юм. Тиймээс улсын комиссоос шинэ орон сууц хүлээн авахдаа цонх тагтны хамгаалалт байрлуулсан эсэхэд анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлсэн байна.

Дээрх хэрэг явдлыг харсан иргэдийн зүгээс оройн 19 цагийн үед тухайн хотхон орчимд цагдаагийн байгууллагын ажилчид зам хаасан нөхцөл байдалтай байсан. Тухайн орон сууцанд амьдардаг ихэнх айл өрхийн цонх хамгаалалтгүй байдаг гэдгийг хэлсэн байна. Иймд орон сууцанд амьдардаг айл өрх бүр цонх, тагтандаа хамгаалалт хийх, мөн орон сууцыг ашиглалтад оруулахдаа цонх тагтны хамгаалалт аюулгүй байдлыг бүрэн хангасан байх шаардлагыг тавьдаг байх хэрэгтэйг хэлсэн байна.

Нэг цонхонд төмөр сараалжин хамгаалалт хийлгэхэд дунджаар 80 орчим мянган төгрөг шаардагддаг байна. Цонхны сараалжин төмөр хоорондын зай 11 см байхаар стандартыг тогтоон хамгаалалтыг суурилуулдаг байна. Харин зарим иргэдийн зүгээс өөрсдөө дур мэдэн стандарт шаардлага хангаагүй хамгаалалт хийх тохиолдол их байдаг.

Зарим иргэд ялаа шумуулын торыг цонхондоо байрлуулснаар эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үздэг ч энэ нь өндрөөс хамгаалах зориулалтгүй байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байсан юм.