ОУВС 2023, 2024 оны БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчиллээ
Олон Улсын валютын сангийн судлаачид энэ жил БНХАУ-ын эдийн засаг 5.4 хувиар өсөж, цар тахлын дараа хүчтэй сэргэлтийг харуулна гэдгийг мягмар гарагт мэдэгджээ. Ирэх 2024 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширна гэж шинжээчид тооцоолж байсан тул Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 5-аас дээш хувиар тэлэх боломжгүй гэж өмнө нь эдийн засагчид тооцоолж байсан юм.

Мягмар гарагт дэлхийн тэргүүлэх эдийн засагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын сул дорой байдал, гадаад эрэлтийн бууралт нь дотоод нийт бүтээгдэхүүнийх нь өсөлтийг сааруулж 4.6 хүртэл хувиар хязгаарлаж магадгүй гэдгийг онцолжээ. Гэхдээ өнгөрөгч 10-р сард ОУВС дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тайландаа Хятадын эдийн засаг ирэх онд ердөө 4 хувиар томорно гэж төсөөлж байсан юм.

БНХАУ-ын коммунист намын хууль тогтоогчид 1 их наяд юань буюу 137 тэрбум Америк долларын Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрч, орон нутгийн засаг захиргаанд бондын квотынхоо тодорхой хэсгийг урьдчилан шилжүүлэх боломжийг олгох шийдвэрийг гаргасан юм. Энэ нь орон нутгийн төсвийн алдагдлыг нөхөх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дэмжлэг үзүүлэх Хятадын коммунист намын ээлжит бодлого арга хэмжээ байна.

ОУВС-гийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Гита Гопинат “бид 10-р сард нийтэлсэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх тайландаа нийтэлсэнтэйгээ харьцуулахад энэ удаа хятад улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр ахиуллаа. Энэ нь санхүүгийн жилийн гуравдугаар улиралд хятадын эдийн засгийн өсөлт бидний хүлээлтийг давсантай холбоотой төдийгүй тус улсын засгийн газар эдийн засгаа бодлогоор дэмжих шийдвэр гаргасантай мөн холбоотой” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл БНХАУ-ын дунд болон урт хугацааны эдийн засгийн өсөлт бүтээмж сул, хүн амын насжилтаас үүдэлтэйгээр 2028 он гэхэд аажмаар суларч, ердөө 3.5 хувьд хүч буурах төлөвтэй байгааг тэргүүлэх эдийн засагчид онцолжээ. Эдийн засагчид үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлийг дэмжихийн тулд бодлогын олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч сэргэлт хурдацтай явагдахгүй байгаа төдийгүй эдийн засгийн зардлыг бууруулж, тогтвортой хэмжээнд хүргэхийн тулд Бээжингийн бодлого боловсруулагчид стратегийн нөлөөлөл үзүүлэх шийдвэр гаргах хэрэгтэй байгаа гэж үзэж байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон орон нутгийн төсвийн алдагдал нь хятадын урт хугацааны өсөлтийн боломжийн ихэнх хэсгийг арчиж магадгүйг эдийн засагчид анхааруулж байна.