ХБНГУ-ын канцлер О.Шольц цагаачлалын бодлогоо чангатгах “түүхэн” зөвшилцөлд хүрснээ мэдэгдэв
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц орогнол хүсэгчдийн тоог бууруулж, хэт барууны үзэл баримтлалыг дэмжиж эхэлснийг хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн мягмар гарагт Олаф Шольц цагаачлалын бодлогыг чангатгах, дүрвэгсдэд зориулж байгаа санхүүжилтийг танах асуудлаар Германы 16 муж улсын захирагч нартай олон цаг хэлэлцээ өрнүүлсэн байна.

Мягмар гарагт О.Шольцын Засгийн газар цагаачдыг албадан гаргах ажлыг хөнгөвчлөх, Герман Улсыг орогнол хүсэгчдийн сонирхлоос холдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Уг шийдвэр нь Германы канцлер асан Ангела Меркелийн Берлиний нээлттэй хаалганы бодлогоос эрс ялгаатай байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Германы орон нутгийн удирдлагууд төрийн сан хөмрөг, дэд бүтцээ цагаачдын халдлагаас хамгаалах, дүрвэгчдийн ачааллыг бууруулахыг Засгийн газраасаа удаа дараа шаардаад байсан юм. Үүнтэй холбогдуулан мягмар гарагт Олаф Шольц мужуудын амбан захирагч нартай хэлэлцээ өрнүүлсэн гэж Германы дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэгвэл Германы засгийн газар орогнол хүсэгчдэд олгох тэтгэмжийг бууруулах замаар орон нутгийн төсвийн зардлыг 1 тэрбум еврогоор хэмнэхээр болжээ. 

Мягмар гарагт Олаф Шольц "бидний нийтлэг зорилго бол хууль бус шилжилт хөдөлгөөнийг зогсоох явдал юм" хэмээн мэдэгдсэн. Хууль тогтоогчид цагаачлалын бодлогоо чангатгах “түүхэн” зөвшилцөлд хүрснийг тэрээр онцолжээ.