Пикассогийн уран зураг 139 сая Америк доллароор зарагдсан нь энэ жилийн хамгийн өндөр үнэд хүрсэн урлагийн бүтээл болжээ
1932 онд Пабло Пикассогийн зурсан “Бугуйн цагтай эмэгтэй” хэмээх уран зураг дуудлага худалдаанд орж 139 сая Америк доллароор зарагдсан нь энэ жилийн хамгийн үнэ цэнтэй урлагийн бүтээл болсныг хэвлэлүүд мэдээлжээ.

Пабло Пикассогийн бугуйн цагтай эмэгтэй хэмээх уран зураг дуудлага худалдаагаар 139 сая Америк долларын үнэд хүрч, эзэндээ очжээ. Өмнө Пикассогийн зөвхөн нэг л зураг үүнээс дээш өртгөөр худалдаалагдаж байжээ. Испани зураач Femme A La Montre зурагтаа өөрийн амраг болох Францын загвар өмсөгч Мари-Терезе Уолтерыг дүрсэлсэн байдаг төдийгүй Паблогийн олон ч уран зурагт түүний дүрийг буулгасан байдаг юм. Дуудлага худалдаанд орохоос өмнө уг бүтээл 120 сая Америк доллароор үнэлэгдсэн байна. Харин лхагва гарагт болсон дуудлага худалдаанд нэрээ нууцалсан худалдан авагч зургийг өөрийн болгосныг зохион байгуулагч компаниас мэдээлжээ. Femme A La Montre бол цэнхэр дэвсгэр дээр сэнтий шиг сандал дээр сууж буй Уолтер хэмээх эмэгтэйн хөрөг байна.

"Алтан Муза" гэгддэг Уолтер хэмээх Франц эмэгтэй 45 настай Пикассотой Парис хотод танилцах үедээ 17 настай байсан бөгөөд зураач Украйны балетчин Ольга Хохловатай гэрлэсний дараа тэд нууц харилцаа тогтоож байсан гэгддэг байна. 1881 онд Испанийн Малага хотод төрж, Барселонад өссөн Пикассо 1904 онд Парис руу нүүж, 20-р зууны хамгийн суут уран зураачдын нэг болсон байна. Түүнийг 1973 онд нас барах хүртлээ 150 мянга орчим бүтээл туурвисан гэж үздэг байна.