Иргэн: Богино эргэлтийн автобусны оронд ачаалал ихтэй чиглэлд автобусны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй
Автобусны насжилтийн хугацаа 12 жил байдаг. Гэтэл зарим автобусыг гаалиар оруулж ирэхдээ шинэ гэж үйлдвэрлэсэн оныг засах, техникийн нөхцөлийг нь өөрчлөх зэрэг асуудлууд гарсаар байна. Сүүлд гэхэд л ногоон автобусны хэрэг гарч АТГ-аас 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

Ногоон автобусны урьдчилгаа төлбөрт Тэнүүн-Овоо компанид 134 орчим тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тус хэрэгт холбогдож байгаа хүмүүс шалгагдаж дууссаны дараа урьдчилгаа төлбөрийг барагдуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллахаар байна.

Хуучин автобус нь техник болоод эрүүл ахуйн шаардлага хангаагүй мөн хэт олон хүн нэг автобусанд чихэлдэж зорчдогоос шалтгаалж иргэд эд зүйлсээ алдах тохиолдлууд ч олон байгаа юм. Мөн богино эргэлтийн автобусанд ердөө 4-5 хүн л сууж зорчиж байна. Үүний оронд ачаалал ихтэй чиглэлд дэх автобусны тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг иргэд хэлж байна.

Өнгөрсөн онд нийтийн тээвэрт явж байсан автобусны 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байсан. Тэгвэл энэ онд 1000 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа юм. Мөн он гарсаар 224 автобусыг шинээр оруулж ирсэн бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Мөн одоогоор автобус худалдан авах нээлттэй тендерийг зарлаад байгаа бөгөөд үүний хүрээнд 600 гаруй шинэ автобус ахин шинээр авахаар байгаа бөгөөд тодорхой хувийг нь энэ он дуусахаас өмнө авч үйлчилгээнд явуулахаар байна.