Энэтхэг улсын Засгийн газар, Байгаль Орчны яамнаас бохирдлын түвшнийг бууруулахын тулд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах арга техникийг ашиглах талаар хэлэлцэж байна
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсын Нийслэл Шинэ Дели хотын агаарын бохирдлын түвшин туйлдаа хүрсэн тухай хэвлэлүүд нь мэдээлж байсан. Тэгвэл Энэтхэг улсын Засгийн газар, Байгаль Орчны яамнаас бохирдлын түвшнийг бууруулахын тулд үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах арга техникийг ашиглах талаар хэлэлцэж байна.

Энэтхэг улсын Дээд шүүх, холбооны хэд хэдэн яам, тамгын газар зөвшөөрөх өгөхөөс хамаарч дээрх төлөвлөгөө биелэх эсэх нь шийдвэрлэгдэх юм байна. Харин холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосон тохиолдол үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах төлөвлөгөө энэ сарын сүүлээр хэрэгжих боломжтой гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Гэхдээ уг шийдэл нь Энэтхэг улсын хувьд агаарын бохирдлыг арилгах боломжит хувилбар болон шинэ санаачилга биш гэж шинжээчид үзэж байна. Хөндлөнгийн шинжээчид үүлэнд нөлөөлж бороо оруулснаар агаарын бохирдол буурдаг гэдэг нь бүрэн нотлогдоогүй, үр дүн хангалттай бус, их зардал шаарддаг, урт хугацаандаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг ойлгохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэж байна.

Харамсалтай нь Шинэ Дели хотын агаарын бохирдол Энэтхэгийн ард түмний амьсгалыг боогдуулж, дэлхий дахинд шуугиан тарьж байгаа тул тус улсын эрх баригчид шийдэлд хүрэх гэж цөхрөнгөө барж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Шинэ Дели хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 450 pm буюу дээд хязгаарыг давж, зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг 10 дахин их байна.

Тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн утаа, тоосжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж Дели хотын агаарын бохирдол 365 хоног үргэлжилдэг асуудал болж хувирчээ. Мөн нийслэл хотын ойр орчмын бүс нутгийн тариаланчид тариа, буудайны үлдэгдлээ шатаадаг явдал нь салхины хурд бага байгаа үед агаарыг бохирдуулагч бодисын концентрацийг ихэсгэдэг байна. Улмаар Энэтхэгийн нийслэл хотын агаар өвлийн улиралд онцгой хортой болдог гэж үздэг байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулснаар агаар мандалд байгаа тоосонцрыг угааж, агаарыг илүү цэвэр, амьсгалахад хүндрэлгүй болгоно гэж энэтхэгийн эрдэмтэд найдаж байна. Гэхдээ ОУ-ын судлаачид  хур тунадас агаарын чанарт үзүүлэх нөлөөг харвал бохирдлын түвшнийг шууд бууруулдаг боловч 48-72 цагийн дараа тоосонцрын хэмжээ эргэн нэмэгддэг. Бохирдлыг үүсгэгч хүчин зүйлстэй тэмцэх нь хамгийн оновчтой шийдэл төдийгүй эрх баригчид, оршин суугчид, үйлдвэрлэгчдийн хамтын хүчин чармайлтын үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хөндлөнгийн судлаачид онцолж байна. Энэ нь үйлдвэр эрхлэгчид илүү дэвшилтэт, ногоон эрчим хүчний эх үүсвэртэй болох байгалийн хий, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, уламжлалт нүүрс, түлшний хэрэглээг халах зэрэг шийдлийг өргөн хүрээнд ашиглахтай холбоотой байна.