“Шунхлай” ШТС-ын барилгын газрыг чөлөөлсөн бол S’Outlets дэлгүүрийг нураахаар доторх бараа, материалыг зөөж эхэлжээ
Хотын өмнөх засаг дарга Д.Сумъяабазар S’Outlets дэлгүүр, Шунхлай ХХК-ийн салбар мөн “Акуа Гарден” хотхоны 2 блок барилгыг нураах захирамж гаргасан. Түүнчлэн хотын шинэ дарга Х.Нямбаатар тус захирамжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн юм. Үүний хүрээнд шунхлай шатахуун түгээх станцын газрыг бүрэн чөлөөлөөд байгаа бол S’Outlets дэлгүүрийг нураахаар доторх бараа, материалыг зөөж эхэлсэн байна. Харин “Акуа Гарден” хотхоны барилгыг нураах маргаан шүүх дээр хэлэлцэгдэж байгаа юм байна.

Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр “Акуа Гарден” хотхоныг нураах захирамжийг холбогдох хүмүүст нь нийслэлийн удирдлагууд танилцуулсан. Ингэхдээ тус байрны захиалагчидтай нь маргааш өдөр нь нийслэлийн удирдлагууд уулзана гэсэн боловч ирээгүй байна. Тэгвэл одоогоор  “Акуа Гарден” төсөл нь хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар голын голдирлыг хааж барьсан зүйл байхгүй гэдгийг тус төслийн захирал хэлж байна. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш газрын зөвшөөрлөөс эхлээд бүх зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан гэдгээ илэрхийллээ.

Ер нь манай улсын барилгын салбарынхан нам барилга буюу 2-3 давхрын тоосгон байшингууд л нурааж байснаас өөр туршлагагүй. Харин “Акуа Гарден” хотхоны барилга 24 давхар бөгөөд манай улсад өмнө нь ийм хэмжээний өндөр барилга нурааж байсан туршлага байхгүй. Тиймээс өөр улсаас тус барилгыг нураах компанийн тендерийг зарлаад байгаа. Шүүхээр тус хэрэг маргаан шийдэгдвэл нурааж газрыг чөлөөлнө гэдгийг нийслэлийн удирдлагын зүгээс мэдэгдэж байна.

Одоогоор Шунхлай шатахуун түгээх станцын барилгыг нурааж газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд хавраас эхлэн далан, ус зайлуулах шугам хоолойг барихаар төлөвлөж байна. Мөн автомашины зогсоол, ногоон байгууламж барих зэргээр тус чөлөөлсөн газруудад бүтээн байгуулалт хийх юм байна.

“Акуа Гарден” хотхоны барилгыг нураах зардалд ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол байгаа. Мөн албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж, буруутай этгээдээр эргэн төлүүлэх зарчмаар хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг нийслэлийн өмнөх удирдлагуудын зүгээс хэлж байлаа. Гэвч одоогоор “Акуа Гарден” хотхоны төсөл хэвийн үргэлжилж байна. Тус барилгыг хэзээ нураах мөн байр захиалсан иргэдийн хохирлыг хэн барагдуулах энэ төсөв нь хаанаас гарах зэрэг асуудал тодорхойгүй байгаагаас шалтгаалж тус барилгыг нурааж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд үүсээд байна.