Их Британийн парламент өнөөдөр ерөнхий сайд Тереза Мэйгийн боловсруулсан Брекситийн гэрээний төслийг батлах асуудлаар гурав дахь удаагаа санал хураалт явуулахаар товложээ.
Брекситийн асуудлаар үүсээд байгаа тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхий сайд Тереза Мэй өөрийн зүгээс шаардагдах эцсийн арга хэмжээгээ авч байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр гэрээний төсөлд нь дэмжлэг үзүүлсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө огцрох саналыг парламентын гишүүддээ дэвшүүлээд байна.
Тереза Мэй лхагва гарагт парламентын хуралдааны үеэр үг хэлэх үеэрээ Их Британийн ард түмний сонголтыг хүндэтгэж, Европын холбооны бүрэлдэхүүнээс хууль ёсны дагуу гарах үйл явцыг эхлүүлэн, түүхэн үүргээ гүйцэлдүүлэхийг парламентад суудалтай Консерватив намын гишүүдээс хүсчээ.
Хэдийгээр Брекситийн үйл явцыг хэрэгжүүлэх тухай асуудлаар Их Британийн парламент өчигдөр ээлжит санал хураалтаа явуулсан ч Брекситийг хэрэгжүүлэх найман хувилбарын аль нь ч олонхын дэмжлэгийг авч чадаагүй тул Брекситийн үйл явцыг улам мухардалд ороход хүргэсэн байна.
Хэрэв энэ удаагийн санал хураалтаар ерөнхий сайд Тереза Мэй гурав дахь удаагаа татгалзсан хариулттай нүүр тулбал Их Британи ямар ч гэрээ хэлцэлгүйгээр 4-р сарын 12-ны өдөр гэхэд Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах шахалттай тулгараад байгаа юм.
Европын холбоог гэрээ хэлэлцээргүйгээр орхих нь худалдаа, цагаачлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт эмх замбараагүй байдал бий болгох, цаашлаад хоол хүнс, эм тарианы хомсдол үүсэх эрсдэлтэйг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулсаар байна.
Төлөвлөгөө ёсоор Их Британи өнөөдөр албан ёсоор Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах хувиартай байсан ч дотооддоо шийдэлд хүрч чадахгүй байсаар ийнхүү тодорхойгүй байдлаар хойшлогдоход хүрээд байгаа юм.