Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь тулгамдаад байгаа цахилгаан эрчим хүчний хомсдлыг АНУ-ын хорлон сүйтгэх үйл ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн зүгээс Венесуэл улсад үүсээд буй цахилгааны доголдлыг авлига, хээл хахуульд идэгдсэн Венесуэл улсын засгийн газрын буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа бол ерөнхийлөгч Николас Мадурогийн зүгээс АНУ-ын хөлсөлсөн хорлон сүйтгэгчид алсын зайнаас станц руу буудаж, улмаар станцын үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр энэхүү террорист халдлагуудын ард АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг буруутай хэмээн мэдэгдээд, сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидог түүний гар хөл болж байна хэмээн шүүмжилсэн байна.
Өнгөрөгч сард өөрийгөө Венесуэл улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлан тунхагласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог өчигдөр Венесуэл улсын шүүхээс 15 жил төрийн албанд ажиллахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа юм.