Монголбанк ипотекийн зээлийг энэ оноос засгийн газарт шилжүүлэх байсан. Гэхдээ Засгийн газрын төсөвтэй холбоотойгоор 2020 он хүртэл Төв банк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдсэн. Харин ирэх оноос ипотекийн зээлийг засгийн газарт бүрэн шилжүүлэх бөгөөд одоогоор салбарын яам руу шилжүүлэх асуудлыг судалж байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улс нийт 4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 3.4 их наяд төгрөгийг Монголбанк гаргасан байна. Гэхдээ УИХ-ын 2018 оны 1-р сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар 2018 оны 4-р сарын 1-нээс хойш Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагджээ. Ингэснээр энэ онд ипотекийн зээлийг засгийн газарт шилжүүлэх байсан ч төсөвтэй холбоотойгоор нэг жил азнахаар болсон байна.
Одоогоор ипотекийн зээлийг өмнө нь гаргасан санхүүжилтийн эргэн төлөлтөөр хэрэгжүүлж байна. Тиймдээ ч салбарын яамнаас ипотекийн зээл өнөөдөр зах зээлийнхээ дагуу өөрөө хөгжөөд явах боломжтой гэж үзэж байна.
Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг 500 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлээд байгаа юм. Тэгвэл Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний хоёр сарын байдлаар 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 487 зээлдэгчид олгожээ.