- Нийслэлийн хэмжээнд байгаа төрийн өмчийн 137 сургуулиас 8 сургууль биеийн тамирын заалгүй үйл ажиллагаа явуулж байна
- Төрийн бус өмчийн 115 сургуулийн ихэнх нь буюу 80 орчим хувь нь биеийн тамирын заалгүй байна
- Биеийн тамирын заалгүй байгаа төрийн өмчийн сургуулиудын нэрийг дурдвал ерөнхий боловсролын 59, 61,114,71,103, Сэтгэмж, Ирээдүй, Шинэ эхлэл сургуулиуд байна. Эдгээрээс 2011 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шинэ эхлэл сургууль 9 жилийн турш биеийн тамирын заалгүй байсаар өнөөг хүрчээ.
Олон улсын лаборатори шинэ эхлэл сургууль 6-12-р ангийн 14 бүлэг, нийт 310 сурагчтай. Гэвч урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхим, биеийн тамирын заалгүй 9 жил болжээ. Байгуулагдсан цагаасаа биеийн тамирын заалгүй явсан сургуулийн сурагчид сургуулиасаа 2-3 км хол байх сургуулиудад очиж биеийн тамирын хичээл ордог байна.
Тамирын хичээлийг өөр сургууль дээр ордог учир сургуулиасаа ирэх очих цагаа биеийн тамирын хичээлийн цагаасаа хасдаг. Үүнээс болж долоо хоногтоо 80 минут хичээллэх ёстой ч 60 орчим минут биеийн тамирын хичээл ордог байна.
Одоогоор шинэ эхлэл сургуулийн барилга дээр биеийн тамирын заал өргөтгөж барих боломжгүй. Сургуулийг нүүлгэх, шинэ барилгад орохоос нааш биеийн тамирын заалны асуудал шийдэгдэх боломжгүй юм байна. Энэ сургуультай ижил өөр найман төрийн өмчийн сургуулийн сурагчид бие бялдраа хөгжүүлэх, дуртай спортоороо хичээллэж амжилт гаргах боломжгүй нөхцөлд суралцаж байна.