Манай улсад жилд дунджаар 70 орчим хүүхэд хорт хавдартай гэж шинээр оношлогдож ЭХЭМҮТ-д хандаж байна. Монголд хүүхдэд зонхилон тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас цус, тархины хавдар жин дардаг гэсэн харамсалтай статистик мэдээ байгаа юм. Харин сүүлийн үед бага насны хүүхдүүд ходоодны хорт хавдраар өвчилсөн гэдэг мэдээлэл тархсан нь буруу ташаа болохыг эмч онцоллоо.
Насанд хүрэгчдийн хавдрын өвчлөлөөр элэг, ходоодны хавдар тэргүүлдэг бол хүүхдүүдийн тухайд цус, тархины хавдраар бага насандаа өвчлөх явдал жил ирэх тусам нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан эрүүл мэндийн үзүүлэлт судалгаагаар 2015 онд хүүхдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцээр 18.4 хувийг тархи, мэдрэлийн хавдар эзэлж байжээ.
Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь 3-4 насандаа эмчилгээ хийлгэж байна. Одоогоор ходоодны хавдраар өвчилсөн хүүхэд бүртгэгдээгүй. Харин ямар байрлалын эрхтэн тогтолцооноосоо хамаарч, бусад эрхтэндээ нөлөөлсөн байж болзошгүй байдаг байна.
Өмнө нь хүүхдийн хавдрыг ХСҮТ хариуцдаг байсан бол 2014 онд анх удаа монгол улс хүүхдийн цусны хавдрын эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлэг байгуулагдсанаар цусны хавдартай гэж оношлогдсон хүүхдүүд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах дагнасан төвтэй болсон юм. Улмаар энэ оны 2-р сарын байдлаар цусны хавдартай 20 хүүхэд хавдрын эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрчээ.
Үүнээс гадна ЭХЭМҮТ-өөс хүүхдүүд хавдраар өвчлөх гол шалтгаан болон улсын хэмжээнд нийт хичнээн хүүхэд хавдартай байгаа эсэх талаарх хавдрын судалгааг хийж байгаа юм байна. Учир нь хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 95 орчим хувийн шалтгаан тодорхойгүй байсаар өдийг хүрсэн байдаг. Харин хавдрын судалгааг хийснээр улсын хэмжээнд нэгдсэн дүн мэдээтэй болно гэсэн юм.