Барьцаалан зээлдүүлэх газрууд буюу ломбардны үйл ажиллагаа өнөөдрийн тухайд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1999 оны тогтоол болон 2017 оны стандартаар л зохицуулагдаж байна. Гэтэл ломбардад хувь хүн зээлсэн мөнгөө төлж чадаагүйн улмаас барьцаанд тавьсан эд зүйлс зарагдах, эсвэл хулгайн эд зүйлсээ барьцаалж мөнгө авах зэрэг хууль бус үйлдлүүд гарсаар байгаа юм. Энэ нь хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг харуулж байна.
1990-ээд оны сүүл үеэс эхлэн ломбардын үйл ажиллагаа идэвхжиж эрэлтээ дагаад борооны дараах мөөг шиг олширчээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 643 аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар буюу ломбард ажиллаж байна. Улмаар ломбардууд эхнээсээ нэгдсэн бүртгэл бүхий программуудыг нэвтрүүлсэн. Ердөө нэг компанийн 150 ААН-ийн хоногийн мэдээллээр 927 иргэн ломбардад эд зүйл барьцаалан зээл авчээ. Энэ нь нэг ломбард хоногт дунджаар 6-7 зээл олгодог гэж тооцож болохоор байна.
Энэ онд цагдаагийн байгууллагаас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардууд стандартаа хэрхэн биелүүлж байгаа талаар 416 ААН-д шалгалт явуулахад хангалттгүй дүнтэй гарчээ. Шалгалтын үеэр гэмт хэргийн улмаас алдагдсан 86 эд зүйл олж тогтоож, гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрэн сурвалжилж байсан 54 иргэн ломбардад эд зүйл барьцаалсан байсан нь тогтоогджээ.
Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа явуулах стандартад зааснаар ломбардын систем буюу онлайн программ хангамжтай байх шаардлага тавьсан. Одоогоор цагдаагийн байгууллагаас нэвтрүүлж буй программыг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Ингэж нэгдсэн системд орсноор ломбардад хулгайн эд зүйлс барьцаалах, зээлийн хугацаа дуусах дөхсөн тохиолдолд зээлдэгчид мэдээллэх зэрэг боломжтой болох юм байна.
Өмнө нь 2014 онд УИХ-д барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өргөн барьж байсан ч дэмжигдээгүй байна.