Парис хотын оршин суугчид том оврын суудлын тээврийн хэрэгсэлд оногдуулах зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэх саналыг дэмжжээ

Өнгөрсөн ням гарагт Парис хотын оршин суугчид бүх нийтийн санал асуулгаар том оврын жийп машинуудын зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.  Ийнхүү Францын нийслэл хотыг бүхэлд нь унадаг дугуйгаар зорчих боломжтой болгох урт хугацааны төлөвлөгөө хэрэгжиж эхэлснийг хэвлэлүүд онцолжээ.

Парис хотын нийт оршин суугчдын 6 хувь нь уг санал асуулгад оролцсон бөгөөд тэдгээрийн 55 хувь нь энэ арга хэмжээг дэмжсэн бол 45 хувь нь татгалзжээ.

Өнгөрсөн жил тус хотын оршин суугчид олон нийтийн гудамж талбайд түрээсийн цахилгаан скутер ашиглахыг хориглох саналыг мөн дэмжсэн юм. Харин ийм шийдвэр гарснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа болсон бүх нийтийн санал асуулгаар Парисчууд ийнхүү 1.6 тонн ба түүнээс дээш жинтэй автомашины зогсоолын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлж, цаг тутамд 18 евро буюу 20 америк.доллар төлөхөөр болж байна.

Шинэ үнэ тариф нь 2 тонн ба түүнээс дээш жинтэй цахилгаан автомашинд мөн хамаарах юм байна. Парис хотын захирагч Анн Идальгогийн удирдлага дор явган хүний зорчих хэсгийн зам талбай өргөсөж, 2020 оноос хойш 84 км дугуйн зам бий болоод зогсохгүй цар тахлаас хойш унадаг дугуйн хэрэглээ Парис хот даяар 71 хувиар өсөн нэмэгджээ.

Гэсэн хэдий ч энэ өөрчлөлт нь жолооч нарын бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Хотын захирагчийн дээрх шийдвэр хүний эрхийг зөрчиж буй увайгүй алхам хэмээн жолооч нарын холбооноос үзэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.