Мах, махан бүтээгдэхүүн, хиам, өндөг зэргийг тасалгааны хэмд хадгалах хориотой

Уламжлалт сар шинийн баярын 3-5 хоногт үйлдвэрүүд болон зах худалдааны төвүүд ажилладаггүй. Тиймээс иргэд баярын ширээ засах хүнсний бүтээгдэхүүнээ их хэмжээгээр урьдчилан бэлдэж, удаан хугацаагаар хадгалдаг. Тэгвэл мах махан бүтээгдэхүүн тэр дундаа хиам, өндөг зэргийг тасалгааны температурт удаан хадгалж хэрэглэх нь эргээд хордлого үүсгэх эрсдэлтэй байна.

Төрт ёсны хамгийн том баяр болох сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээр амрахаар хуульчилсан тул улс даяараа 3 хоног амардаг. Тус хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, томоохон зах, худалдааны төвүүд ч мөн амралтын горимд шилждэг. Тиймээс иргэд ихэвчлэн баярын хүнсээ урьтаж бэлдэн, удаан хугацаагаар хадгалах зайлшгүй шаардлага үүсдэг. Ингэхдээ хадгалалтын горим зөрчих тохиолдол цөөнгүй гардаг байна. Тухайлбал, хөргөгчид багтахгүй хүнсээ тасалгааны температурт хадгалах эсвэл тагт, гадна талбайд ил задгай хадгалдаг. Ингэж хадгалсан хүнсээ баярын өдрүүдэд шууд хоол хүнсэндээ хэрэглэснээр хордлого үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Угтаа бол бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг заавал 5-аас доошгүй градуст хадгалах ёстой байна. Харин 5-60 хэмд хадгалах нь өөрийгөө болон бусдыг хорлож байгаа хэрэг гэдгийг хоол зүйч хэлж байна.

Иймд иргэд өөрсдийн хадгалах нөөц бололцоогоор хүнсний бүтээгдэхүүнээ бэлтгэж, хоол хүнсэндээ хэрэглэхийг онцгойлон анхааруулж байна.