“2023 оны шилдэг өвлөн уламжлагч”-аар эсгий ширмэл урлал өвийг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарчээ

Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэн шалгарсныг өчигдөр буюу 02-р сарын 06-нд Соёлын сайд батламжиллаа. Д.Цэндсүрэн нь эсгий ширмэл урлалыг анх 7-р ангиасаа эхлэн сурч, өдгөө 57 дахь жилдээ язгуур хэв шинжийг алдагдуулалгүй урласаар байна.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат Д.Цэндсүрэн гуай анх 57 жилийн өмнө буюу 1967 онд өөрийн ээж Долгороос эсгий ширмэл урлалыг сурч өнөө ч өвлөн уламжилж байна. 2006 оноос эхлэн энэхүү соёлын биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлж 17 жилийн хугацаанд 900 гаруй шавь бэлтгэж байна. Энэ хугацаанд тэрээр гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг тасралтгүй явуулж иржээ. Мөн өөрийн урласан бүтээлүүдээрээ зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын тэмцээн, үзэсгэлэн яармагт ч амжилттай оролцсоор байна. Монгол үндэсний дархлаа, соёлын биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх түүний энэхүү үйлсийг үнэлэн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар тодруулж, Соёлын сайд батламжийг нь гардууллаа.

Өдрөөс өдөрт технологижиж байгаа энэ цаг үед Монголын хэмээх соёлын өвөө тээж байгаа өвлөн уламжлагчдаа алдаршуулах нь соёлоо түгээн дэлгэрүүлэх цаашлаад үндэсний дархлаанд ч чухал нөлөөтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад соёлын биет бус өв өвлөн уламжлагч 11 мянга гаруй иргэн байгаагаас ердөө 102 нь л үндэсний жагсаалтад бүртгэлтэй байна.

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан Д.Цэндсүрэн гуай зөвхөн уламжлалаа хадгалж, шавь бэлтгээд зогсохгүй соёлын бүтээлч үйлдвэрлэл явуулж, бүтээлээ олон улсад ч гаргаж иржээ.Тэрбээр эсгий ширмэл урлалыг өвлөхдөө өнөө ч язгуур хэв шинжийг алдагдуулалгүй урлаж иржээ. Тухайлбал, тэмээний зогдрыг гар ээрүүлээр ээрч утас гарган эсгий ширмэл урладаг байна. Энэ нь цэвэр экологийн бүтээгдэхүүн бөгөөд элдэв химийн бодисгүй, эрүүл мэндэд нэн тустай байна. Мөн уламжлал ёсоор урласан ширмэл нь бат бөх учир 3 үеэрээ хэрэглэдэг гэж Монголчууд билэгшээдэг.

Шилдэг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн нь цаашдаа ч дараагийн өвлөн уламжлагчдаа бэлтгэнэ гэдгээ хэлж байна. Тэрбээр өнө эртнээс уламжилсан Монголчуудын соёлын биет бус өв нь байгаль цаг уур, хэрэглээгээ тодорхой мэдэрсэн арга ухаан байдаг тул залуус өдөр тутмын хэрэглээндээ оруулах нь чухал гэдгийг онцолж байсан юм.