АНУ-ын Засгийн газар тагнуулын программ хангамжийн үйлдвэрлэлийг хязгаарлах шинэ арга хэмжээ хэрэгжүүлнэ

Даваа гарагт АНУ-ын Засгийн газар Израил, Энэтхэг, Йордан, Унгар зэрэг Вашингтоны холбоотон улс орнуудад нөлөөлж болзошгүй арилжааны тагнуулын программыг буруугаар ашигласан хүмүүст 120 гаруй улс оронд үйлчлэх визийн хязгаарлалт тогтоохоо мэдэгджээ. АНУ-ын Төрийн департаментын бодлогын дагуу тагнуулын программыг буруугаар ашигласан хүмүүст визийн хязгаарлалт тогтоож, ийм төрлийн үйл ажиллагааг нь хязгаарлах юм байна.

Жо Байдены засаг захиргаа тэрс үзэлтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчид, хуульчдын эсрэг ашиглаж байсан зэвсгийн зориулалттай арилжааны тагнуулын программыг хязгаарлахаар бэлтгэж байна. Ийм төрлийн программ хангамж нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон сөрөг тагнуулын чадавхад томоохон аюул занал учруулж байна гэж үзжээ. Тэгвэл Израилын компаниуд арилжааны тагнуулын программ үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд Жо Байдены засаг захиргаа эдгээр компаниудын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа нь хоёр холбоотны хооронд дипломат маргаан өрнөх гол шалтгаан болж магадгүй байна.

Төрийн департментын бодлого, арга хэмжээ нь зорилтот байгаа онож чадвал хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр гар утас, ухаалаг төхөөрөмжид нь нэвтрэх боломжтой NSO зэрэг программуудын үйл ажиллагааг хязгаарлах боломжтой гэж шинжээчид үзэж байна. 

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен арилжааны тагнуулын программыг буруугаар ашиглах нь "Аймшигт” гэмт хэргүүдийг дур зоргоороо үйлдэх, гэмт хэрэгтнүүд хуулиас гадуур үлдэх боломж олгохыг онцолжээ. Тусгай агентууд Саудын Арабын элчин сайдын яамны байранд сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөхөөсөө өмнө үүнтэй ижил төрлийн программ ашиглан хохирогчийн байршил, мэдээллийг цуглуулсан гэж үздэг байна. Тиймээс хэрэв ийм төрлийн программыг зэвсэгт бүлэглэл, гэмт хэргүүд өргөнөөр ашиглаад эхэлбэл нөхцөл байдал төсөөлснөөс ч илүүтэй хүндэрнэ гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна.