Б.Гармаа нь анх 2 охиндоо гар урлалаар толгойн гоёл хийж эхэлсэн бол өдгөө үндэсний хувцас урлах хүртэл өөрийн чадвараа хөгжүүлжээ

Үндэсний дээлийг шинэлэг чамин загвараар урлан өдөр тутмын хувцас болгох зорилготой иргэн Б.Гармааг бид Оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөрөө онцоллоо. Тэрбээр анх 2 охиндоо толгойн зүүлт, ээмэг зэрэг чимэглэлүүдийг өөрийн гараар урлан хийж өгч байсан бол өдгөө дээл, хантааз зэрэг үндэсний хувцас урлах хүртэл өөрийн чадвараа хөгжүүлж чаджээ.

Хийх хүнд арга нь олддог хэмээн Гармаа хэлж байсан юм. Тэрбээр өрхийн үйлдвэрлэл эрхлээд 6 дахь жилээ угтаж байна. Анх охиддоо гутал хувцас урлаж эхэлснээр түүнд сонирхлоо өргөжүүлэх санаа төржээ. Хэдийгээр мэргэжлийн сургалтад суугаагүй ч гэсэн өөрийн сонирхол хоббигоо хөгжүүлэн үндэсний хувцас урлах хэмжээнд хүртэл чадвартай болжээ. Тэрбээр үндэсний дээлийг урлахдаа өдөр тутамд өмсөхөөр, мөн чамин өвөрмөц загвараар хийх сонирхолтой. Хийсэн бүтээлүүдээ цахим орчинд зургийг нь байршуулснаар өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж эхэлжээ.

Тэрбээр захиалагчийн хүссэн хэмжээ загвараар дээлийг нь урлан 1-2 хоногийн хугацаанд багтаан бэлэн болгодог байна. Урлаж байгаа дээлээ зах зээлийн ханшаас бага үнээр худалдаалахыг эрмэлздэг бөгөөд хямдралтай үед нь материалаа худалдан авснаар дээлийг хямд үнээр худалдаалах боломж бүрддэг гэсэн юм.

Түүний дайчин ажилсаг зан чанар нь хүнд өвчнийг ялах нэгэн түлхэц болжээ. Цаг тутам хөдөлмөрлөх ёстой гэж үздэг тэрбээр зүгээр суухыг хүсдэггүй. Улмаар хүүхдээ хичээлд нь зөөдөг мөн бага насны хүүхдүүдтэй ээжүүдэд сургалт явуулах, цаашлаад өөрийн салонтой болж олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах хүсэл мөрөөдөлтэй байна.

Мөн тэрбээр хэлэхдээ иргэд үндэсний хувцсаар зөвхөн баяр ёслолоор биш өдөр тутамдаа гоёх соёлыг дэлгэрүүлэх хүсэлтэй гэсэн юм.