Тусгай дугаараас ирсэн олон утга агуулга бүхий зурвасыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна

Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хирээр цахим залилан үйлдэгчдийн тоо олширч байна. Залилагчид олон төрлийн аргаар иргэдийг хохироож байгаагийн нэг нь тусгай дугаараас иргэний гар утас руу олон утга агуулга бүхий мсж-ийг линкний хамтаар илгээдэг болсон явдал юм. Тэрхүү линк руу орвол шууд цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй юм байна. Зөвхөн 2023 онд цахим орчинд нийт 17 орчим мянган гэмт хэргийг 7000 гаруй хүн үйлджээ. Ингэснээр 9000 орчим иргэнд 140 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Ийнхүү иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл нь цахим залилангийн хохирогч болоход хүргэдэг байна. Манай улсад 10 жилийн өмнө л гэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирол ердөө нэг сая төгрөгөөр хэмжигдэж байсан бол одоогийн байдлаар 133 тэрбум төгрөгт хүрчээ. Гэмт хэрэг үйлдэгч этгээд нь хэт таатай нөхцөл амлан иргэдийн итгэлийг төрүүлдэг байна.

Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд хүрч давхардсан тоогоор 2.8 сая иргэн фейсбүүк хэрэглэдэг гэх судалгаа байна. Иймд иргэд цахим орчинд ашиглаж байгаа хувийн мэдээлэл, нууц үг зэргийг гурван сар тутамд солих, олон тэмдэгт ашиглах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Мөн тусгай дугаараас ирсэн мсж бүр баталгаатай бус учир анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна.