Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр”-т дотоод, гадаадын 8700 гаруй жуулчин оролцжээ

Өмнөговь аймагт уламжлалт “Түмэн тэмээний баяр” 25 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн баярт нийт долоон аймгийн 20 гаруй сумын тэмээчид 400 гаруй тэмээтэйгээ оролцжээ. Мөн дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин, зочид, төлөөлөгчид оролцсон байна. Энэ жил анх удаа тэмээний алдарт уяач цол олгосноороо уг арга хэмжээ онцлог болжээ.

Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх, маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлүүлэх зорилгоор Өмнөговь аймаг 1997 оноос тэмээний баяраа зохион байгуулж эхэлжээ. 2016 онд тус аймаг мянган тэмээ бүртгүүлж дэлхийн гиннесийн амжилтыг тогтоож байсан бол өдгөө 160.000 шахам толгой тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг болоод байна. Тийм ч учраас энэ жилийн тэмээний баярыг “16 түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ. Говийн аялал жуулчлалын ууган арга хэмжээ болох энэхүү баяр нь тэмээ маллах арга ухаан, соёлыг ахуй амьдралдаа дахин ашиглахад сургаж байгааг тэмээний баярт оролцогчид хэлж байна.

Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой цөөнгүй ажил хийж байгаагийн нэг нь түмэн тэмээний баяр юм. 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус баярт дотоод гадаадын 8700 гаруй жуулчин, 20 гаруй сумын тэмээчид 400 гаруй тэмээтэйгээ оролцжээ. Мөн энэ жил анх удаа “Тэмээний алдарт уяач” цолыг Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр тэмээчинд олгожээ. Тэмээний алдарт уяачаар тодорсон Мөнхбаярын хоёр тэмээ тус наадмын нэрэмжит уралдаанд түрүү, аман хүзүүг авчээ.

Түмэн тэмээний баярт оролцогчид, жуулчид тэмээ унах, тэмээтэй парадад жагсах зэргээр наадмыг зөвхөн үзэх биш өөрсдөө оролцож боломжийг бүрдүүлжээ. Мөн тэмээний уралдаан, тэмээн парад, ингэний айргийн баяр, ингэний сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Мэндлэх хүндлэх ёс” хөөргөний үзэсгэлэн, Дундговь аймгийн “Өмнийн говийн өв соёл” үзэсгэлэн, тэмээний ноосон эдлэл, бүтээгдэхүүний загварын шоу гээд нийт 20-иод хөтөлбөр явагдсан байна. Түүнчлэн сайхан тэмээтэй хосын тэмцээнийг жил бүр явуулж шилдгүүдээ шалгаруулж байна.

Түмэн тэмээний баяр урьд жилүүдэд гуравдугаар сарын 8, 9-нд болдог байсан бол энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулжээ. Цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.