Онгоцны ослын гарц, хаалгыг түгжих, их биед тогтоох зориулалттай дөрвөн боолт үйлдвэрийн алдаатай буюу дутуу гарсан байна

АНУ-ын Үндэсний агаарын тээврийн аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн 1-р сард “Alaska Airlines” компанийн эзэмшлийн “Boeing max 737” онгоцны хаалга нислэгийн үеэр салж унасан ослын мөрдөн шалгах ажиллагааны эхний дүгнэлтийг танилцуулжээ. Онгоцны ослын гарц, хаалгыг түгжих, их биед тогтоох зориулалттай дөрвөн боолт үйлдвэрийн алдаатай буюу дутуу гарсан байна.

“Boeing” компанийн ерөнхийлөгч Дэйв Калхаун "Манай үйлдвэрээс гарч байгаа онгоцонд дахин ийм алдаа гарах ёсгүй. Иймд бид үйлчлүүлэгчид болон зорчигчдын төлөө илүү аюулгүй, дэвшилтэт технологи ашиглана” хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн сард “Alaska Airlines” компанийн онгоц Портланд хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш ердөө 15 минутын дараа тус осол гарсан байна. Тухайн үед ослын хаалга гэнэт салхинд хийсэж, онгоцны үндсэн их биеийн хэсэг онгойж, хүчтэй агаарын урсгал нэвтэрч, зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учирсан байна. Харин хөлгийн багийн гишүүд шуурхай хариу арга хэмжээ авснаар осол өргөн хүрээг хамрахаас урьдчилан сэргийлж, онгоцыг шуурхай газардуулжээ. Мягмар гарагт танилцуулсан холбогдох албаны дүгнэлтэд өгүүлснээр ослын хаалганы боолтууд үйлдвэрээсээ дутуу байсан тул хүчтэй агаарын урсгалд салж унасан гэжээ.

Одоо мөрдөн шалгагчид үйлдвэрлэлийн үйл явцад чухам ямар алдаа гарсныг сайтар нягталж байгаа гэдгээ уламжилжээ. Тухайлбал ослын хаалгыг нээх, хаах нугас, төхөөрөмжийг угсрахдаа ямар гарын авлага, зааврыг дагаж мөрдсөнийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.