Манай улсын нийт хүн амын 1.3 сая иргэн 2023 онд эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Үзлэг оношилгоонд хамрагдсан нийт иргэдийн 50 орчим хувь нь ходоод, нойр булчирхайн өвчлөлтэй байгаа нь илэрчээ. Энэ төрлийн өвчлөл нь ихэвчлэн буруу хооллолт амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг байна. Иймд томоохон хэмжээний баярын дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд нэмэгдэж, цаашлаад иргэд амиа алдах хүртэл эрсдэл үүсдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өнгөрсөн оны байдлаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт нийт нэг сая 300 орчим мянган иргэн хамрагдсан байна.үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 50 орчим хувь нь ходоод, дотоод эрхтний өвчлөлтэй болох нь илэрчээ. Мөн энэ явцад хортой болон хоргүй хавдрын 7808 сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн бөгөөд ходоод, элэг цөс зэрэг дотоод эрхтний өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна.
Тэгвэл томоохон баяр ёслолын дараа иргэдийн дунд ходоод хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Уламжлалт баяр наадмаар өөх тостой хоолыг их хэмжээгээр идэх, мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол их байдаг. Үүнээс үүдэж, нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл үүсэх, ходоодны өвчлөл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаврууд илэрдэг байна. Иймд сар шинийн баяр нь ах, дүүс уулзан, учирч амар мэндээ мэдэлцдэг ёс заншлын баяр гэдгийг санах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
ЭМЯ-аас ходоодны хорт хавдраа эрт оношлуулсан иргэдийн цаашдын амьдралд хэрхэн өөрчлөлт гарах талаар дараах судалгааг гаргажээ. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсан ходоодны хорт хавдрыг эрт оношлуулсан 44 хүний насыг нийлүүлэн тооцоолбол нийт 228 жилээр уртассан. Мөн дээрх хүмүүсийн өвчлөл эрт оношлогдсоноор цагаасаа эрт нас барахаас сэргийлж, цаашид ажил хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтойг тооцоолон гаргажээ.