“Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд үнэ төлбөргүй дэлгэгдлээ

Уламжлалт сар шинийн баярыг угтан Монголын Үндэсний музейд “Монгол цагаан сар” тусгай үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд цагаан сарын баярын ёс заншил, уламжлалтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэсэн байна. Мөн тусгай боловсролын хөтөлбөр явагдах бөгөөд энэ бүгд нь үнэ төлбөргүй үзэгчдэд хүрэх юм байна.

Мөн мэндлэх хүндлэх ёсон, сүсэг бишрэл, уламжлалт тоглоом наадгайн талаарх үзмэрүүд зэрэг нийт 100 гаруй эд өлгийн зүйлс дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд багачууд, залуучуудад монгол өв соёлын билэгдлийг таниулахыг зорьжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд эрдэмтэн, докторуудаас гадна ЕБС-ийн суралцагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд ирсэн байна. Тэд өмнө нь харж байгаагүй эд өлгийн зүйлсийг үзэж байгаа учир сонирхолтой санагджээ.

Монголчууд Хүннү гүрний үеэс идээ ундаа элбэг намрын сарыг сүүн сар хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Улмаар 17-р зуунд Өндөр Гэгээн Занабазар анхдугаар богдоор тодорсон үеэс эхлэн төрт ёсны цагаан сарын баярыг тэмдэглэх болсон түүхтэй. Тиймээс үзэсгэлэнд 17-р зуунаас эхлэлтэй эд өлгийн зүйлс дэлгэгдсэн бөгөөд үзэгчид зөвхөн үзэхээс гадна түүх сонсож, боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжтой байна.

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн “Монгол цагаан сар” үзэсгэлэн үнэ төлбөргүйгээр 4-р сарын 10-ыг дуустал үргэлжлэх юм байна.