Дүүжин тээврээр иргэд 11 минутад Яармаг-Хархорин чиглэлд зорчино

Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ 3-р сард эхлүүлж 2025 онд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг холбогдох албаныхан танилцууллаа. Энэхүү бүтээн байгуулалтыг Яармаг-Хархорин зах чиглэлд барих бөгөөд гүйцэтгэгчээр бүгд найрамдах Франц улсын Пома групп ажиллах юм байна. Мөн тус группийн зүгээс дүүжин тээврийг барьж дууссаны дараа нутагшуулах үйл ажиллагаа буюу ашиглалт, аюулгүй байдал, хяналт шалгалт зэрэгт 30 жилийн хугацаанд Улаанбаатар хоттой хамтран ажиллана гэдгээ мэдээлж байна. Улаанбаатар хотод баригдах дүүжин тээврийн үзүүлэлтийн талаарх зарим тоон мэдээллийг хүргэе.

  • Дүүжин тээвэр нь 4.2 км урттай байх бөгөөд Яармаг-Хархорин захын хооронд зорчигч 11 минутад зорчино гэж тооцож байна.
  • Тус дүүжин тээвэр нь 98 кабинтай байхаас гадна нэг бүхээгт 10 зорчигч суух боломжтой байхаар төлөвлөсөн байна.
  • Мөн Улаанбаатар хотод баригдах дүүжин тээвэр нь халуун хүйтнээр агаар сэлгэх төхөөрөмжтэй, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллана гэдгийг гүйцэтгэгч компани Пома группийн зүгээс танилцуулсан байна.
  • Одоогоор дүүжин тээвэр нь 80 гаруй улсад нэвтэрсэн бөгөөд сүүлийн 20-30 жилийн хугацаанд томоохон ямар нэгэн осол аваар гараагүй юм байна.

Дүүжин тээврийн төслийн ажил нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа учир иргэдийн аюулгүй зорчих асуудалд онцгойлон анхаарч байгаа юм байна. Жишээлбэл, тог тасарсан үед нөөцийн эх үүсвэрүүд байх учир хэвийн ажиллана. Үүнээс гадна тус дүүжин тээврийн бүхээгийн суудал нь халдаг байх шийдэлтэйгээр хийгдэх юм байна.

Дүүжин тээвэр нь ирэх онд ашиглалтад орно. Одоогоор иргэд хэдэн төгрөгөөр зорчих нь тодорхойгүй байгаа юм.

Дүүжин тээврийн төсөл нь Монгол болон Францын Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм.

Улаанбаатар хотод баригдах гэж буй дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын Пома компани нь дэлхийн нийт 90 гаруй улсад дүүжин тээврийг барьж байгуулжээ. Жишээлбэл, манай улстай ижил хүйтэн сэрүүн цаг агаартай ОХУ-ын Нижний Новгород хотод дүүжин тээврийг тус компани нь нэвтрүүлжээ.