Зуны үерт өртсөн 119 машины эздэд тус бүр 3 сая төгрөг, 255 айлд тус бүр 5 сая төгрөг олгосон байна

Өвөл, хаврын их цас хайлж, шар усны үерийн эрсдэл өндөр байгаа энэ үед үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийн асуудал анхаарлын төвд байна. Өнгөрөгч оны 8-р сарын үерт хохирсон 20 айлд иж бүрэн тавилгатай гэр өгч, Богдын даваа тоосгоны задгай орчимд суурьшуулсан ч тэд буцаад үерийн эрсдэлтэй хэсэгтээ буусан байна. Учир нь тэднийг шинээр суурьшуулсан хэсэг нь хотын төвөөс зайдуу, зэлүүд газар бөгөөд нийтийн тээвэр очдоггүй, ундны усны асуудал нь ч шийдэгдээгүй газар байжээ.

Ийнхүү Богдын даваа тоосгоны задгай орчимд 20 айлыг нүүлгэн шилжүүлсэн ч тус хэсгийн айл өрхүүд тухайн хэсэгтээ амьдрах боломжгүй болж буцаад үерийн эрсдэлтэй хэсэгтээ буусаар байгаа юм байна.

Тэгвэл цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байгаа. Тиймээс шар усны үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх 300 гаруй нэгж талбарыг бэлдсэн байна. Ингэхдээ зуны үерт өртсөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн хол байршилд бус харин суурьшлын бүсэд дэд бүтэцтэй холбогдсон газар шилжүүлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Өнгөрөгч 8-р сард Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим үерт автсан. Улмаар 4 хүний амь эрстэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирч нийт 35 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Тэгвэл энэ хохирлыг иргэдийн хандив, тусламж мөн нөөц сангаас хөрөнгийг гаргаж иргэдэд гэр, орон сууц, бэлэн мөнгө зэргийг тарааж барагдуулсан юм. Тодруулбал, 119 машины эзэнд 3 сая төгрөг, 255 айлд 5 сая төгрөг мөн амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд 3 орон сууц цаашлаад 20 айл иж бүрэн тавилгатай гэрийг өгсөн юм. Эдгээр айл өрхүүдэд тог цахилгаан татах, түр зам тавих гээд зуны үертэй холбоотойгоор нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг барагдуулжээ.

Зуны үерээс илүү шар усны үер нь хор хохирлын хувьд илүү байдаг. Тиймээс ч шар усны үертэй холбоотойгоор албаныхан тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм. Албаны зүгээс үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор дэд бүтэцтэй холбогдсон газар бэлдсэн бөгөөд өмнөх алдаагаа давтаагүй гэдгийг онцлон хэлж байсан юм.