“Эмээлт” өртөөний хүүхдүүд сургуульдаа очихын тулд хамгийн багадаа 20 км зам туулж байна

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд харьяалагддаг Эмээлт өртөөнд өдгөө 2000 гаруй айл өрх амьдарч байна. Гэвч Эмээлт орчимд сургууль, цэцэрлэгийн байгууламж байдаггүй тул тэдгээр өрхийн хүүхдүүд өдөр бүр хамгийн багадаа 20 км зайг туулж сургуульдаа хүрдэг байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 онд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил эхэлсэн байдаг ч хэзээ ашиглалтад орох нь өнөөг болтол тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын баруун талын хамгийн алслагдсан газар бол СХД-ийн 32-р хороо буюу Эмээлт өртөө. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайтай энэ газарт сургуулийн насны 1100 гаруй хүүхэд амьдарч байна. Тэд сургуульд сурахын тулд өдөрт хамгийн багадаа ирж очихдоо 40 км замыг туулдаг байна. Ингэхдээ өглөө 06 цаг 30 минутын автобусанд амжиж суух хэрэгтэй, хэрэв амжихгүй бол дахин нэг цаг автобус хүлээдэг байна. Гэтэл мөн л нэг асуудал нь дийлэнх айлууд автозамаас хол байрлалтай, мөн тухайн газар нь уулын бэлд байршилтай учраас цас, шавар шавхай ихтэй байна. Тиймээс сурагч тэр дундаа бага ангийн хүүхдийг өрхөөс нэг хүн заавал сургууль руу нь хүргэж өгөх шаардлага тулгардаг байна.

Эмээлт сургуультай болох асуудал яригдсаар цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Барилгын ажил 95 хувьтай байгаа бөгөөд одоо дотоод заслыг бүрэн дуусгах төлөвлөгөө гаргажээ. Мөн барилга баригдаад 6 жил болсон учраас дахин гадна засварыг хийх юм байна. Эмээлтийг сургуультай болохыг хүлээж буй 1100 гаруй хүүхэд байгаа ч одоо баригдаж байгаа сургууль нь 640 хүүхдийн багтаамжтай. Мөн засмал замаас 1км 400м-ийн зайд байрладаг учир засмал зам тавих шаардлагатай гэж тодорхойлжээ. Тэгвэл тус хорооны Шонхор захаас баригдаж байгаа сургууль хүртэл 2,6 км зам тавих ажлын төсөв 2019 оны улсын төсөвт тусгагдсан боловч мөн л өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаа юм.