2022 онд манай улсад хар тамхи, мансууруулах бодисоос үүдэж 9 хүн амиа алджээ

Манай улсын 44 иргэн гадны орны хорих ангид хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор ял эдэлж байна. Эдгээр иргэдийн 37 иргэн нь БНХАУ-д хуулийн хариуцлага хүлээж хоригдож байна. Урд хөршид хар тамхины гэмт хэрэгт холбогдвол хуулийн хариуцлага чанга байдаг байна.

  • 2022 онд хар тамхи, мансууруулах бодисоос үүдэж дэлхий дээр 500 орчим мянган хүн нас барсан бол манай улсад тус онд хар тамхины шалтгаант нас баралт 9 байжээ.
  • Тэгвэл сүүлийн 5 жилийн хугацаанд манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 1600 гаруй хүн шалгагджээ. Үүний 86 хувь нь нийслэлд харин үлдсэн 13 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
  • Энэ төрлийн гэмт хэрэгт 18-35 насны залуус зонхилон холбогдож байгаа буюу 87 хувийг энэ насныхан үйлдэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 58 хүүхэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдсон тоон мэдээлэл байна.
  • Мөн судалгаанд оролцогчдын 41 хувь нь найз нөхдийн хүрээллээсээ хар тамхины мэдээллийг авчээ.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь хүний эрхтэн тогтолцоог ахин сэргээхгүйгээр үхжүүлдэг байна. Мөн тархинд гэмтэл үүсгэж оюуны чадамжийг ч алдагдуулдаг юм. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэсэн хүн насан туршдаа дотор эрхтний гэмтэл болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарна гэсэн үг. Тиймээс эрүүл мэндээрээ хохирохгүй байхад иргэд анхаарах хэрэгтэй юм. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүний шинж тэмдгийн хувьд нүдний хүүхэн хараа томрох эсвэл жижгэрэх, нүд улайх мөн нойр болон хоолны дуршил өөрчлөгдөх, орчноос өөрийгөө тусгаарлах зэргээр илэрдэг байна.  

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисын талаарх ойлголтууд ч улс орнуудад өөрчлөгдсөөр байна. Тухайлбал, япон улсад хар тамхи хэрэглэсэн хүнийг барьж хорихоос илүүтэйгээр эмчилгээний аргыг нэвтрүүлж эхэлсэн байна. Харин манай улсад одоогоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг буюу хорих ялаар шийтгэх, торгох, зорчих эрхийг хязгаарладаг юм.

Манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаарх мэдээлэл хомс байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотойгоор хуулийн хариуцлага ч сул байгаа юм. Үүнээс гадна хар, тамхи, мансууруулах бодисод өсвөр насныхан, залуучууд холбогдох нь их байна. Тиймээс эцэг, эхчүүд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж өсвөр насны хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй юм. Мөн иргэд хилийн чанадад зорчихдоо бусдаас дайвар эд, зүйл, ачаа тээш, авахаас татгалзах хэрэгтэй юм. Хэрэв таны авч яваа ачаа, тээшнээс хар тамхи, мансууруулах бодис, хориглосон эм, бэлдмэл илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлагыг хүлээх юм. Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдийнхээ хар тамхи хэрэглэсэн байдлыг шалгахын тулд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй юм. Үүнд ямар нэгэн ял шийтгэл байдаггүй юм байна.