Парис хот 13 жилийн дараа уламжлалаа дахин сэргээж, үйлчлэгч, зөөгчдийг уралдуулан ялагчийг нь Олимпын нээлтэд оролцох эрхээр шагнажээ

Өнгөрсөн Ням гарагт Францын нийслэл Парис хотын захиргаа 13 жилийн дараа уламжлалт нэгэн арга хэмжээгээ дахин сэргээхээр болсноо мэдэгдлээ. Энэ нь үйлчилгээний байгууллагын ажилчдыг уралдуулж, ялагч нь Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох эрхээр шагнуулдаг байна.

Энэ арга хэмжээнд тус улсын өнцөг булан бүрээс 200 орчим зөөгч оролцохоор хүрэлцэн очсон байна. Тэд 2 километр урт замыг богино хугацаанд туулах ёстойгоос гадна зөөгчид гартаа круассан талх, эспрессо кофе, аяга устай тавиурыг авч явах үүрэгтэй байна.

Тэдний баримтлах дүрэм тун энгийн бөгөөд гүйхгүй, усаа халгиулж асгахгүй, мөн тавиурыг зөвхөн нэг гараараа барих ёстой.

Анх 1914 онд энэхүү тэмцээнийг санаачилж зохион байгуулснаас хойш 2011 он хүртэл үргэлжилсэн боловч сүүлийн 13 жилийн хугацаанд зохион байгуулагдалгүй завсардаад байжээ. Учир нь ивээн тэтгэгч олдоогүйн улмаас арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй болсон байна.

Харин энэ жил Парисын хотын захиргааны дэмжлэгтэйгээр дахин үргэлжлэхээр болж, 100 мянган еврог тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрлийн ялагчдад олгохоор төсөвлөсөн байна.

2024 оны шилдгүүдийг хотоор зугаалах, Парисын Олимпын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцох тасалбараар шагнаж урамшуулсан байна.