Энэ онд 3 боомтын бүтээн байгуулалтад 350 тэрбум төгрөг төсөвлөжээ

Манай улсын эдийн засгийн чадамжийг сайжруулахад олон улсын худалдаа, зам тээвэр, боомтын хүчин чадал болоод чөлөөт худалдааны хэлэлцээрүүд чухал байр суурь эзэлдэг. Өнөөдрийн байдлаар 8 хуурай боомт байгуулахаар томоохон бүтээн байгуулалтыг хийж байгаа тухай холбогдох албаныхан хэлж байна. Түүнчлэн төмөр зам, автозам, агаарын зам хөгжүүлэхэд голлон анхаарч байгаа юм байна.

Нэн түрүүнд манай улс боомтуудын үйл ажиллагааны чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, энэ онд 3 боомтын бүтээн байгуулалтад 350 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөжээ. Одоогоор боомтууд дээр өргөтгөлийн ажил хийх, автозам тавих зэргээр ажиллаж байгаа талаар боомт хариуцсан төлөөлөгчид хэлж байна.

Монгол улсад өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигтийн хөндий 4 чөлөөт бүс байгаа боловч чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа тохиолдлууд гарсаар байгаа юм. Тиймээс боомтыг хөгжүүлэхийн тулд боомт дагасан хотуудыг бий болгох, боомт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болгохоор зорьж байна. Энэ хүрээнд боомтуудыг авто замаар холбох мөн эрхзүйн орчныг бий болгох зэргээр ажиллах юм байна.

Мөн манай улс боомтуудын хөгжлийг чухалчлахаас гадна чөлөөт бүсийг хөгжүүлэх нь нэн чухал. Өнөөг хүртэл чөлөөт бүс хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ талаарх хууль, эрхзүй, худалдаа зэрэг нь хоорондоо уялдаагүй байгаатай холбоотой гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм. Тиймээс эхний ээлжид БНСУ, Япон, ОХУ зэрэг улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг эрчимтэй хийх чиглэлээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур гэсэн 3 нэр төрлийн 375 бараа, бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийгээд дуусаж байна.

Одоогоор манай улсаас ОХУ руу гаргах экспортын хэмжээ 5 хувь харин ОХУ-аас манай улс руу гаргаж буй импортын бараа 95 хувийг эзэлж байна. Манай улсаас тус улс руу экспортлох бараа, бүтээгдэхүүн бага байгаа нь бараа, бүтээгдэхүүнд оногдуулах татварын хэмжээ өндөр байдагтай холбоотой юм. Тиймээс эхний ээлжид бараа бүтээгдэхүүний татвар, квот зэргийг шийдэж чөлөө бүсийг хөгжүүлсний дараагаар боомтын хүчин чадлыг сайжруулах юм байна.