Манай улсад 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цооролттой, амны хөндийн өвчлөлтэй байна

Шүд цооролтын улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин эмгэг үүсдэг. Гэтэл манай улсад 10 хүүхэд тутмын 9 нь ямар нэг байдлаар шүдний цооролттой, амны хөндийн өвчлөлтэй байна. Хүүхдийн шүдний цооролд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч нэн тэргүүнд чихрийн хэт их хэрэглээ хамгийн ихээр нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсын хүүхдийн амны хөндий, шүдний цоорлын өвчлөл дэлхийн дунджаас хоёр дахин их байгааг ЭМЯ-аас онцолж байна. Өөрөөр хэлбэл, нэг ангийн 10 хүүхэд байхад 9 нь ямар нэг байдлаар амны хөндийн өвчлөлтэй, шүд цоорсон нөхцөлтэй байна. Тэр дундаа 5 настай хүүхдүүдийн 95 хувь нь шүдний цоорлын өвчлөлтэй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Орон нутгаар нь авч үзвэл, 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл Архангай аймагт хамгийн өндөр буюу 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байна. Харин 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл Завхан аймагт 74 хувьтай байгаа бол хамгийн бага нь Төв аймагт 40 хувьтай байна.

Тэгвэл хүүхдийн амны хөндий, шүдний өвчлөлийн голлох шалтгаан нь буруу хооллолт тэр дундаа чихрийн агууламжтай ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаатай холбоотой байна.

Иргэдийн зүгээс ч мөн буруу хооллолт нь хүүхдийн шүдний өвчлөлийн гол шалтгаан болж байгааг онцолж, аль болох тогтмол шүдээ зөв арчлахад нь анхаардаг гэдгээ хэлж байна. Гэсэн ч зарим тохиолдолд улсын эмнэлгийн ачаалал, хувийн эмнэлгийн төлбөр, хувийн ажил зэргээс шалтгаалан мэргэжлийн эмчид хандахад хүндрэлтэй байдаг байна.

Тэгвэл хүүхдийн шүдийг цоорохоос 100 хувь хамгаалах боломжтой. Үүний тулд сүүн шүд ургахаас нь эхэлж үзлэг хяналтад оруулахыг зөвлөж байна. Улсын эмнэлэг үнэ төлбөргүй байдаг бол хувийн эмнэлгүүд 10-20 мянган төгрөгөөр үздэг байна.

Шүд нь цоорсон хүүхдийг эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулахад өсөлт хөгжлийн үзүүлэлт хоцрогдсон байдаг байна. Олон улсын судалгааны багийнхан 3 настай эрүүл болон цоорсон шүдтэй хоёр хүүхдийн жингийн харьцуулалтыг харьцуулалтыг хийхэд цоорсон шүдтэй хүүхэд нь 2 кг бага жинтэй байсан байна. Харин шүдийг эмчилснээс хойш 6 сарын дараа тухайн хүүхэд хэвийн жиндээ оржээ. Тиймээс хүүхдийн шүдийг бага наснаас нь эхлэн эрүүл байлгах нь ирээдүйн олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай байна.