Чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хүүхдийг хоол тэжээл, амин дэмийн дутагдалд оруулдаг

Манай улсын 4 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй, хоол тэжээл, амин дэмийн дутагдалтай байна. Үүний суурь шалтгаан нь буруу хооллолт тэр дундаа хүүхдийн сахарын зохистой хэрэглээ алдагдсантай шууд холбоотой байна. Энэ бол Монгол улсын Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран гаргадаг “Хүн амын хоол тэжээл”-ийн байдалд үнэлгээ өгөх судалгааны тоо баримт юм. Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс чихэр, сахар нь хүүхдийн шүдний цоорол, амны хөндийн өвчлөлийг үүсгэдэг гэж боддог ч зөвхөн үүгээр зогсохгүй хүүхдийн зан ааш, бие бялдар, тархины хөгжилд ч мөн сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тэгвэл сахарын агууламж, сөрөг нөлөөллийн талаарх зарим тоон мэдээллийг дэлгэцэд үзүүлье.

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид хүүхдийн хоногт хэрэглэх сахарын зохистой хэмжээг 15 гр байна гэж заажээ. Гэтэл манай улсын хүүхдүүдийн 70-80 хувь нь тус зохистой хэмжээнээс 3 дахин илүү сахарыг өдөр тутамдаа хэрэглэж байна.
  • Өөрөөр хэлбэл, 2 хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнс буюу зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
  • Тэгвэл зөвхөн 500 мл савлагаатай хийжүүлсэн ундаа дунджаар 54 гр сахар агуулдаг бөгөөд энэ нь насанд хүрсэн хүний сахарын зохистой хэрэглээнээс ч өндөр агууламж байгаа юм. Мөн жимсний шүүс нь эрүүл мэндэд тохиромжтой гэж үздэг ч хийжүүлсэн ундаанаас илүү их хэмжээний сахарыг агуулдаг байна. Жишээлбэл 500 мл жимсний шүүсэнд 62 гр сахар агуулагддаг байна.
  • Ийнхүү сахарын хэрэглээ хэт их байгаагаас шалтгаалж хүүхэд өөрийн биед хэрэгтэй эрдэс бодис, амин дэмийг авч чадахгүй байна. Тиймээс судалгаагаар нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 10 жилийн дотор 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрчээ.

Дэлхий дахинд хүүхдийн хоол тэжээл, амин дэмийн дутагдал нь эдийн засгийн ядуурал, өрхийн амьжиргаатай холбоотой байгаа бол манай улсад эсрэгээрээ хүүхдүүд амттан их иддэг буюу сахарын зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, зах зээл өргөжихийн хирээр хүүхдүүд хоол идэхээс илүүтэйгээр чихэр, жүүс, пичен зэрэг хүнсийг түлхүү хэрэглэх болсныг судалгаанд дурджээ. Учир нь чихэрлэг хүнс хэрэглэх үед тархи, мэдрэлийн тогтолцоонд эндорфин хэмээх даавар ялгарч тав тухгүй байдлыг түр зуур намжаадаг. Харин даавар ялгарч дууссаны дараагаар бие дахин сульдаж, сэргэхийн тулд тархи чихэр нэхэж эхэлдэг байна. Иймээс хүүхдүүд хоол идэхээс татгалзаж амттай боловч шим тэжээлгүй зүйлсэд татагдах нь элбэг болдог юм байна. Ингэснээр хүүхдийн дархлаа сульдаж нян, вируст өртөмтгий болж эхэлдэг. Мөн нэг ширхэг чихэр идэхэд л хүүхдийн цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар илүү энергитэй болох уур уцаартай болох шинж тэмдэг илэрдэг байна.

Манай улсын 55-аас дээш насны иргэдийн 80 хувь нь эмийн хамааралтай байна гэх судалгаа байдаг. Тиймээс ирээдүйн эрүүл иргэнийг бий болгоход бага наснаас нь эхлэн хооллолт, сахарын хэрэглээнд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Харин эцэг эхчүүдийн зүгээс гэр бүлийн хүрээлэлд хүүхдийнхээ сахарын хэрэглээнд тодорхой анхаарал хандуулдаг ч сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнсийг хүүхдүүд авах тохиолдолд их байгааг хэлж байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг,  таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ.

Тэгвэл нийтээрээ сахарыг зохистой түвшинд хэрэглэхийн тулд аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо хаяг, шошго дээрх 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээг харах хэрэгтэй байна. Шошго дээр 100 гр бүтээгдэхүүнд 5 гр-аас бага сахар агуулагдаж байвал чихэр багатай,  5-10 гр бол анхаарал татахуйц, 10 гр-аас дээш бол чихрийн агууламж ихтэйд тооцогддог байна. Харин энэ хэмжээ 30 гр-аас их бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.