Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан УДЭТ-аас уран бүтээлчдийн дунд “Орших уу? Эс орших уу?” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Жил бүрийн 3-р сарын 27-ны өдөр олон улсад “Дэлхийн театрын өдөр”-ийг тэмдэглэдэг. Манай улс ч мөн 1990 оноос энэ өдрийг тэмдэглэж, театрынхан шилдэг уран бүтээлүүдээ үзэгчдээ хүргэж иржээ. Тэгвэл энэ жилийн дэлхийн театрын өдрөөр Улсын Драмын Эрдмийн театраас санаачлан салбарын уран бүтээлчдийн дунд “Орших уу? Эс орших уу?” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уран бүтээлчид театрын шинэ үе ирж байгааг онцолж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх шаардлага тулгарсныг хэлэлцжээ.

Хүн төрөлхтний хамгийн эртний урлаг болох театрын түүх манай улсад Ноён Хутагт Данзанравжаа гуайн үеэс эхлэн тоологддог. Харин орчин цагийн мэргэжлийн театрын хөгжил 1931 онд улсын драмын эрдмийн театр байгуулагдсан цагаас эхэлсэн гэж үздэг юм. Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд зөвхөн төрийн өмчийн театрууд л дэлхийн болон үндэсний жүжгүүдийг үзэгчдэд хүргэж ирсэн бол сүүлийн жилүүдэд шинэ театрууд эрчимтэйгээр байгуулагдаж байгааг ахмад уран бүтээлчид сайшааж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30 гаруй төрийн өмчит театр, 10 гаруй хувийн театр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэгвэл шинэ театр байгуулагдаж, тайзнаа тоглогдох бүтээлүүд олшрохын хирээр уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварын асуудал хөндөгдөж байна. Учир нь одоогоор театрын урлагт хүчин зүтгэж байгаа нийт ажилтнуудын 80 гаруй хувь нь залуу уран бүтээлчид байна. Тиймээс Монголын театрын урлагийн түүхэнд “шинэ” мөн “эмзэг” үе ирж байгааг онцолж байна.

Мөн аливаа жүжгийн гол хөдөлгөгч хүч болдог зохиолч, техникч гээд арын албаны хүний нөөцийг зайлшгүй бэлтгэх шаардлагатайг хэлж байсан юм.

Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан улсын драмын эрдмийн театраас зохион байгуулсан “Орших уу? Эс орших уу?” хэлэлцүүлгийн үеэр театрын урлагийн зөвлөл байгуулах санаачилгыг дэвшүүллээ. Ингэснээр өмнө дурдагдсан асуудлууд шийдэгдэх боломжтой болно гэж үзсэн байна. Уран бүтээлчид холбогдох баримт бичгүүдийг боловсруулан салбар яамд өргөн барихаа мэдэгдсэн юм.