БНСУ-д нэг гишүүнтэй айл өрхийн тоо 10 саяд хүрсэн нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт болжээ

Өнгөрсөн 3-р сард БНСУ-д нэг гишүүнтэй айл өрхийн тоо 10 саяд хүрсэн нь ийм төрлийн статистик тоо баримтыг боловсруулж эхэлснээс хойших дээд үзүүлэлт болжээ. Хүн амын хурдацтай хөгшрөлт, хүмүүс гэрлэхээс татгалзаж ганц бие үлдэхийг илүүд үзэж байгаа зэргээс шалтгаалан нэг гишүүнтэй өрхийн тоо өсөн нэмэгдсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.

БНСУ-ын нэг хүн амтай өрхийн тоо 3-р сард 10 саяыг давсан бол өнгөрсөн 2-р сард ийм өрхийн тоо 9.8 сая байсантай харьцуулахад богино хугацаанд өндөр дүнгээр өсөн нэмэгдсэнийг илтгэж байна. 50 гаруй сая хүн амтай Өмнөд Солонгос улсад 24 сая гаруй өрх бүртгэлтэй байдгаас 41 орчим хувийг ганц бие оршин суугчид эзэлж байна. 

Насны бүлгээр ангилан авч үзвэл 60-69 насны 1.8 сая өрх, 30-39 насны 1.6 сая өрх байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. Нэг хүнтэй өрхийн эзлэх хувь Кёнги муж, Сөүл зэрэг хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудад илүү өндөр байгаа юм. Мөн эдгээр бүс нутагт нийт 4 сая гаруй нэг гишүүнтэй өрх аж төрж байна.  Тэгвэл хоёр гишүүнтэй өрхийн тоо 2-р сард 5.8 сая бол 3-р сард 6 саяд хүрч өссөн бол харин дөрвөн хүнтэй өрхийн тоо мөн хугацаанд 3.1 саяаас 3 сая болж буурчээ.

Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яам нэг гишүүнтэй өрхийн тоог боловсруулахдаа оршин суух хаягийг ашигласан бөгөөд нэг гэр бүлийн гишүүд нь ажил болоод бусад шалтгааны улмаас тусдаа амьдарч байгаа тохиолдолд нэг гишүүнтэй өрхөд тооцогдож байгаа ажээ.

Гэсэн хэдий ч тус улсад ганцаараа амьдардаг, гэрлээгүй залуусын тоо өсөн нэмэгдсээр байгаагаас гадна хүн амын насжилтаас үүдэлтэйгээр ахмадууд мөн ганцаараа аж төрөх болжээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар залуусын гэрлэлтийг дэмжих олон хөтөлбөр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол ахмадуудын нийгмийн халамжийг сайжруулах, эрэгтэй эмэгтэй ахмад настнуудын дундаж насны зөрүүг арилгах бодлого баримталж байна.