Германы канцлер Олаф Шольц залуу сонгогчдод хүрэхийн тулд “Тикток” платформд нэгджээ

Өнгөрсөн даваа гарагт Германы канцлер Олаф Шольц Тикток олон нийтийн цахим сүлжээний платформд нэгдэж, анхны дүрс бичлэгээ хуваалцсан байна. Тэрбээр залуу сонгогчдод нөлөөлөхийн тулд аюулгүй байдлын асуудлаа хойш тавьж, Хятадын эзэмшлийн платформд нэгджээ.

Олаф Шольц Тикток платформд хуваалцсан анхны дүрс бичлэгтээ “Би бүжиглэхгүй. Амлая” гэсэн тайлбар бичсэн байна.

Үүнийг Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Залуу сонгогчдод улс төрийн мэдлэг олгох, тэдний сонирхлыг улс төр лүү чиглүүлэхийн тулд Тикток цахим сүлжээг ашиглаж байна.” гэж тайлбарлажээ.

Олаф Шольц Тикток цахим сүлжээнд нэгдсэний дараа Даваа гаргийн байдлаар түүний дагагчийн тоо хэдийн 600 мянга давсан бол цахим сүлжээнд идэвхтэй ажилладаг Германы сөрөг хүчний Альтернатив намын дагагч ердөө 400 мянга орчим байгаа юм байна.

2024 он Герман улсын хувьд олон сонгууль давхацсан жил байх болно. Ирэх 6-р сард Европын парламентын сонгууль, 9-р сард нь Зүүн бүсийн гурван муж улсад парламентын нөхөн сонгууль явуулахаар төлөвлөж байна.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн саяхан Тикток сүлжээнд нэгдэж, залуу сонгогчдод нөлөөлөх компанит ажлаа эхлүүлсэн юм. Харин Олаф Шольц энэ долоо хоногийн сүүлээр Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байгаа тул Тикток платформд нэгдсэн гэж шинжээчид таамаглаж байна.