Эмийн жорыг “И-Монголиа” цахим системд оруулдаг боллоо

Эмийн жорыг гаргац муутай бичсэнээс үүдэн эмийн санч өвчтөнд буруу эм өгсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байдаг байна. Тэгвэл эмч, өвчтөн, эмийн санчийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, эмийн зөв жор солилцох боломжийг хангах зорилгоор цахим хөгжил харилцаа холбооны яам, эрүүл мэндийн яам хамтран эмийн жорыг цахимд шилжүүлжээ. Ингэснээр иргэд ХУР системээр дамжуулан өөрийн эрүүл мэндийн мэдээлэл болон эмийн жорыг цахимаар авах боломж бүрдсэн байна.

Өнгөрсөн оны 12-р сард Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарын цахимжилт эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Эрүүл мэндийн яам, цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангаж, иргэдэд танилцуулахад бэлэн болжээ. Өнөөдрийн байдлаар эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангаж И Монголиа систем дээр нэгтгэн оруулсан байна.

Хуурамч эмийн жор үйлдэж мансуурах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Иймд эмийн жорыг цахимжуулснаар эдгээр эрсдэл буурна гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн цаашлаад эмийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилсан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаторийн эмчлүүлэгчийн карт, жирэмсний хяналтын карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг шат дараатайгаар шилжүүлэх юм байна.