Автобусаар зорчигчдыг тоолох системийг 3-р сарын 15-аас эхлэн нэвтрүүлнэ гэж байсан ч хэрэгжиж эхлээгүй байна

Өнгөрөгч өвлийг хүртэл нийтийн тээвэрт явж байсан нийт автобусны 50 гаруй хувь нь насжилт хэтэрснээс үүдэн янз бүрийн асуудал гарч байсан. Тэгвэл эдгээр асуудлууд бага багаар шийдэгдэж байна. Тухайлбал, автобусны парк шинэчлэл хийж, жолооч нарын хүний нөөцийг нэмэгдүүлэн нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулж байна.

  • Энэ он гарсаар нийслэлд шинээр нийт 600 автобус оруулж ирээд байгаа. Ингэснээр насжилт хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй болсон 550 автобусыг үйлчилгээнээс хасжээ. 
  • Одоогоор нийслэлийн нийтийн тээвэрт нийт 1088 автобус үйлчилгээнд явж байна. Энэ тооны автобусыг үйлчилгээнд гаргахын тулд автобусны жолооч нарын цалинг нэмснээс гадна мөн шинэ жолооч нарыг үнэгүй сургалтад хамруулан ажиллуулж байна.
  • Автобусны жолооч нарыг зорчигч нэгтгэлийн төв дээр үнэгүй сургаж байгаа юм байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 130 жолооч шинээр бэлтгэгдэж нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
  • Өвлийн улиралд автобусны жолоочийн дутагдлаас үүдэн бүх автобусаа үйлчилгээнд гаргаж чадахгүй байсан юм. Тэгвэл нийтийн тээврийн хүний нөөцийн асуудлыг ийнхүү шийдвэрлэснээр өнөөдрийн байдлаар бүх автобус үйлчилгээнд бүрэн явж байгаа юм байна.

Дүн өвлийн хүйтэнд автобусаа олон цагаар хүлээсний эцэст суусан ч автобус хэт хүйтэн байдгаас шалтгаалж даарах эсвэл үйлчилгээнд явж байсан автобус нь гэнэт шатах зэргээр нийтийн тээвэр нийслэлчүүдийн өмнө бас нэгэн асуудлыг үүсгэдэг. Тэгвэл хаврын энэ цагтай зэрэгцэн шинэ автобусанд иргэд зорчиж, автобус хүлээлтийн хугацаа ч багассан гэдгийг иргэд хэлж байна. Гэхдээ тохилог шинэ автобусанд суусан ч орчин тойрон нь бохир байгаа гэдгийг тэд шүүмжилж байгаа юм.

Тэгвэл автобусны цэвэрлэгээ үйлчилгээг өглөө шугамдаа явахаас нь өмнө мэргэшсэн ажилтнууд цэвэрлэж, эрүүл ахуйн шаардлагад анхаарал хандуулдаг байна. Мөн жолоочид нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг үүрэгтэй юм. 

Автобустай холбоотой бас нэг шинэчлэлт нь нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийг тоолох системийг өнгөрсөн 3-р сарын 15-аас эхлэн нэвтрүүлнэ гэж байсан боловч одоогоор ашиглалтад ороогүй байгаа юм байна. Судалгааны шатанд явж байгаа гэдгийг холбогдох байгууллагаас нь мэдээлж байсан юм.