ҮЦК-д данс нээлгүүлсэн ч хувьцааны ногдол ашиг нь ороогүй бол иргэд өөрсдийн нэр дээрх бүх арилжааны банкны дансаа шалгах хэрэгтэй

2023 оны “ЭТТ” ХК-ийн ногдол ашгийг 4-р сарын 4-ний өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхлээд байгаа. Одоогоор үнэт цаасны данс нээлгүүлсэн иргэдийн 97 орчим хувьд нь ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг хийгджээ. Харин үлдсэн 3 хувь нь мэдээллийн зөрүүтэйн улмаас шилжүүлэг нь хийгдээгүй мөн зарим арилжааны банкууд мөнгөн шилжүүлгээ хийж хараахан дуусаагүй байгаа юм байна. Түүнчлэн ногдол ашгийн мөнгө ороогүй бол иргэд нэн түрүүнд өөрсдийн нэр дээрх бүх арилжааны банкны дансаа шалган үзэж мөнгө орсон эсэхийг нягтлах хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Ийнхүү иргэд 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө нь янз бүрийн шалтгаанаар орж ирээгүй гэдгийг хэлж байна. Тэд мэдээллээ шалгуулахаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гадаа дараалал үүсгэн зогсож байна. Тэгвэл 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд яах вэ?

  • Нэгдүгээрт иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй бол му-д үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа үнэт цаасны 52 компанид дансаа нээлгүүлэх хэрэгтэй юм.
  • Хэрэв ҮЦК-д данс нээлгүүлсэн ч 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө ороогүй бол иргэд нэн түрүүнд өөрсдийн нэр дээрх бүх арилжааны банкны дансаа шалган үзэж мөнгө орсон эсэхийг нягтлах хэрэгтэй юм байна. Идэвхтэй ашигладаггүй ч нэг иргэний нэр дээр 4-5 данс байх тохиолдол олон байна.
  • Хэрэв таны нэр дээрх дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй бол үнэт цаасны данс нээлгүүлсэн брокерийн компанидаа хандаж дансаа солиулах боломжтой.

Эдгээр мэдээллээ шалгасны дараа 1072 хувьцааны ногдол ашиг таны нэр дээрх арилжааны банкны дансанд ороогүй бол хувьцааны данс нээлгэсэн ҮЦК мөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас тодруулж асуух боломжтой юм. Иргэдийн мэдээлэл зөрүүтэй байгаагаас шалтгаалж орохгүй байх тохиолдол байна. Мөн зарим арилжааны банкууд одоо ч хувьцааны ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг хийж байгаа юм.

Түүнчлэн хүүхдийн мөнгөний данс нь хамтран эзэмшилтэй данс байх тохиолдол их байгаа учир 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг шилжүүлэхэд асуудал үүсэн байна.

Ирэх долоо хоногоос эхлэн иргэд хувьцааны талаарх мэдээллээ Е-Mongolia системээс авах боломжтой. Тодруулбал, таньд хэдэн ширхэг хувьцаа байна, хувьцааны мөнгө нь аль дансанд орсон зэрэг мэдээлэл ирэх юм байна. Мөн үнэт цаасны данс нээлгээгүй тохиолдолд дансаа нээлгэнэ үү зэргээр тус системд мэдээлэл ирэх юм.