ОХУ, БНХАУ “Евразийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлаар хэлэлцэнэ

“АНУ бүс нутагт өөрийн хүсэл зоригийг тулгаж байгаа явдлыг хязгаарлах, эсэргүүцэхийн тулд Москва, Бээжин хоёр Евроазийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хэлэлцэхээр тохиролцлоо” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Мягмар гарагт Орос, Хятад хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Бээжин хотноо хамтын ажиллагаа, Украины дайн, тулгамдсан сорилтуудаа хэлэлцсэн байна.

Мягмар гарагт Орос, Хятад хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийснийхээ дараа В.Путин Евразийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх санал гаргасан бөгөөд Бээжин, Москва хоёр бусад үзэл бодол нэг байгаа талуудыг оролцуулан яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Удаан хугацаанд Нато буюу Евро-Атлантын далайг дамнасан аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагууд оршин тогтож байна. Мэдээж хэрэг бид тэнцвэрт байдалд тулгуурласан өөрийн ашиг сонирхлыг хамгаалах бүтцийг бий болгох нь зүйн хэрэг” хэмээн хэлсэн байна. 

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уулзалтын дараа хоёр улс "Ноёрхонгуй үзэл" болон "Блокуудын сөргөлдөөнд оролцдог аливаа "Жижиг тойрог"-ыг эсэргүүцэх ёстой" хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр "Нато Орос, Хятад хоёр улсын нийтлэг ашиг сонирхол руу гараа дүрэх ёсгүй” гэдгийг онцолсон байна.

АНУ-ын хууль тогтоох байгууллагын үзэл баримтлал нь ерөнхийдөө Хятад бол Вашингтоны стратегийн өрсөлдөгч, харин Орос улс бол үндэстний хувьд хамгийн том аюул заналхийлэл гэж тодорхойлох болсон юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ эрин зуун бол ардчилал бол автократ улсуудын хоорондох оршин тогтнохын төлөөх тэмцэл гэж нэрлэсэн юм.

Үүнээс гадна өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллэн Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлт, экспорт, импортын хориг арга хэмжээ, хамтын ажиллагааныхаа талаар хэлэлцсэн юм.