“Оппенхаймер” уран сайхны кино Япон улсад магтаал болон шүүмжлэл дагуулж байна

Цөмийн бөмбөг судлаач Роберт Оппенхаймерын тухай өгүүлэх Оскарын шагналт Оппенхаймер уран сайхны кино энэ сарын эхээр Япон улсад нээлтээ хийсэн юм. Тэгвэл уг киноны талаар япон улсын иргэдийн байр суурь хоёр хуваагдаад байна.

“Оппенхаймер” хэмээх гурван цаг үргэлжлэх кино нь одоогоос найман сарын өмнө АНУ-д нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн сард Оскарын индрээс шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг долоон шагналыг нэгэн зэрэг хүртсэн юм. Тэгвэл японы үзэгчид, тэр дундаа цөмийн бөмбөгдөлтөд өртөж байсан Хирошима, Нагасаки хотуудын уугуул иргэд тус кинонд шүүмжлэлтэй хандахаас илүүтэй эмзэглэж байгаагаа хэлж байна.

Кино Япон улсад албан ёсоор нээлтээ хийснээс хойш өдөр бүр танхим дүүрэн, хамгийн өндөр борлуулалттай байгаа төдийгүй үзэгчдийн дийлэнх нь 20-иод насны залуус байгаа юм байна. Тэд уг киног үзсэнээр цөмийн бөмбөгийн талаарх ойлголтоо эргэн харж, илүү мэдээлэл олж авах, уншиж судлах шаардлагатай болж байгаагаа ярьсан байна.

Японы залуус цөмийн бөмбөгдөлтийг анх удаа уг зэвсгийг зохион бүтээсэн хүний өнцгөөр харах нь таалагдсан ч сэдэв нь хэт эмзэглэмээр байсныг уламжилжээ. Мөн тэд Япон бол атомын бөмбөгдөлтөд өртсөн цорын ганц улс орон хэвээр үлдэх ёстой төдийгүй дэлхий нийт ахин ийм төрлийн зэвсэг ашиглах ёсгүй гэдэгт санал нэгдэж байгаа юм байна.