Метроны зөвлөх үйлчилгээнд санал ирүүлсэн компаниудын 50-аас дээш хувь нь туршлага багатай

Манай улс өмнө нь ихэвчлэн гадны зээл тусламж, олон улсын гэрээгээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байсан. Тэгвэл анх удаа нийслэл 100 хувь өөрсдийн хөрөнгөөр томоохон төсөл эхлүүлэх гэж байгаа нь метро. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дагаж эхний ээлжид гадны улсаас метроны зөвлөх үйлчилгээг авахын тулд олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зарлаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан гадаад улс оронд ажиллаж байгаа холбогдох мэргэжилтнүүд зарим асуудал дээр зөвлөгөө өгчээ.

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа. 1-р үе шатны тендер шалгаруулалтыг 3-р сарын 18-ны өдөр хаасан. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт оролцох саналаа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тухайн 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, 2-р үе шатны сонгон шалгаруулалтыг 4-р сарын 2-ны өдөр зарласан юм.

Метроны зөвлөх үйлчилгээнд санал ирүүлсэн компанийг сонгохдоо хамгийн энгийн анхаарвал зохих 2 шалгуур байдаг байна. Нэгдүгээрт, тухайн компани олон улсын хэмжээнд дор хаяж 3 метрог хийж гүйцэтгэсэн байдлыг харж сонгох ёстой. Гэтэл Улаанбаатар хотод баригдах гэж байгаа метроны зөвлөх үйлчилгээнд санал ирүүлсэн компаниудын 50-аас дээш хувь нь туршлагагүй компани байгаа юм. Хоёрдугаарт, тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн өмчлөлийн хэлбэрийг харах ёстой юм байна.

Мөн метроны зөвлөх үйлчилгээний тендертэй холбоотойгоор зарим асуудлыг анхаарах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гэрээ байгуулахдаа төгрөгөөр хийх ёстой гэх заалт байгаа нь зөвхөн дотоодын байгууллагатай харилцах хууль мэт байгаа юм. Тиймээс цаашид гадны компаниуд манай улсад баригдах томоохон төсөл хөтөлбөрүүдэд саналаа өгөх боломжтой байхуйц хуулийн шинэчлэл хэрэгтэй байна.

Метроны зөвлөх үйлчилгээний төсөвт эхний жил 54 тэрбум гаруй төгрөг зарцуулна гэж тооцож байгаа. Үүний дараа цаашид жил бүр тодорхой мөнгөн дүнг зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанид өгөх юм. Гэвч төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуулийн заалттай байгаа нь цаашид валютын ханшийн зөрүүнээс үүдэж эрсдэл дагуулах магадлалтай байна.