Бэлтгэлгүй бэлгийн амьдралаас шалтгаалж хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг олон сөрөг үр дагавар бий болдог

Бэлгийн боловсролыг бага наснаас нь эхлэн үе шаттайгаар олгосноор ирээдүйд бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ-аас зөвлөдөг байна. Гэвч судалгаагаар тогтоосноор манай улсад энэ талаарх мэдлэг мэдээллийг олгох, ярилцах нь боловсролын байгууллага болоод гэр бүлийн орчинд ч хангалтгүй байдаг. Харин энэ нь хүсээгүй жирэмслэлт, хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг олон сөрөг үр дагавар бий болгодог байна.

Манай улс ардчилсан чөлөөт нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрч байгаа ч Монголчууд бэлгийн амьдралын талаар төдийлөн нээлттэй ярилцдаггүйг ДЭМБ болон бусад судалгааны тоо баримтууд илтгэж байна. Тухайлбал, хүний бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж эхлэх үе буюу 9-12 насны 1500 орчим хүүхдийн дунд бэлгийн боловсролыг хаанаас авдаг талаарх судалгаа хийхэд:

  • 60 хувь нь мэдээлэл хаанаас авахаа мэддэггүй
  • 30 хувь нь найз нөхөдтэйгөө энэ талаар ярилцаж, мэдээлэл авдаг гэж хариулжээ.

Тэгвэл зөвхөн энэ насныхан бус Монголчуудын дийлэнх нь энэ талаарх мэдээллийг цахим орчин, найз нөхдийн хүрээллээс авдаг байна. Харин ЕБ-ын сурагчид эрүүл мэндийн хичээлээс ерөнхий мэдлэгээ авдаг байна.

Олон улсад бэлгийн амьдралын талаарх боловсролыг бага наснаас нь олгох нь зүйтэй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, бэлгийн боловсрол бол насан туршийн боловсрол гэж үздэг. Гэвч манай улсад 2015 онд эрүүл мэндийн хичээлийг боловсролын системээс халж улмаар 2018 оноос эхлэн дахин оруулж эхэлсэн. Ингэхдээ мэргэжлийн эрүүл мэндийн багш байдаггүй бөгөөд биологи болон биеийн тамирын багш нар нь эрүүл мэндийн хичээлийг ордог. Тиймээс хүүхдүүд хангалттай мэдлэг, мэдээлэл авч чаддаггүй гэж үзэж байна.

Насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар 40 орчим хувь нь бэлгийн боловсрол нь бэлгийн харилцаа, садар самууныг сурталчлах, цаашлаад буруу алхмууд хийхэд хүргэдэг, хэрэгцээгүй мэдээлэл гэж тодорхойлжээ. Гэвч энэ нь хүний насан туршийн зайлшгүй мэдэх, анхаарах боловсролын асуудал байна.

Зөвхөн 2022 онд 10-14 насны 41, 15-19 насны 587 охин үр хөндүүлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчний тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэний 41 хувь нь тэмбүү. Тэр дундаа манай улсад огт бүртгэгдэж байгаагүй нүдний тэмбүү, мэдрэлийн тэмбүү өвчний тохиолдол тухайн онд бүртгэгджээ. Түүнчлэн бэлгийн амьдралын мэдлэг, боловсролгүйгээс шалтгаалж үргүйдэл, гэр бүл салалт, хүчирхийлэл цаашлаад хүний эрхийг зөрчсөн олон тооны гэмт хэрэг, зөрчил гардаг байна.