“S' Outlets” дэлгүүрийн барилгыг 4-р сарын 15-ны өдөр гэхэд бүрэн нурааж дуусгана

Өнөөдөр үерээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор холбогдох албаныхан болон “Сэлбэ” хотхоны оршин суугчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хотын захиргааны зүгээс голын голдирлыг өөрчлөн барьсан S' Outlets дэлгүүрийн барилгыг нурааж байгаа бөгөөд тус хэсэгт үерийн далангийн угсралтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэж мэдээлсэн байна. Харин оршин суугчдын зүгээс өнгөрсөн 7-р сард болсон үерээс хойш өнөөг хүртэл ямар нэгэн дорвитой ажил сэлбэ орчимд хийгээгүй гэж шүүмжилжээ.

Ийнхүү “S' Outlets” дэлгүүрийн барилгыг 4-р сарын 15-ны өдөр гэхэд бүрэн нурааж дуусгана гэж албаныхны зүгээс мэдээлж байсан юм. Үүний дараа үерийн далан барих ажил хийгдэхээр байгаа. Одоогоор тус хэсэгт барих үерийн далангийн барилга угсралтын тендерийг зарлаад байгаа юм. Мөн голын голдирлыг өөрчлөн барьсан Aqua garden хотхоны асуудал шүүх дээр хэлэлцэгдэж байна. Хэрэв тус барилгыг нураавал голын урсцыг харж ус хуримтлуулах сан юм уу эсвэл үерийн даланг барихаар төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн энэ оны хувьд үерээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн 28 байршилд 30 гаруй тэрбум төгрөгөөр үерийн далан барьж байгуулах юм байна.

Гэвч S'Outlets дэлгүүрийн хэсэгт төмөр бетонон хийцлэлтэй үерийн даланг барьж байгуулахтай холбоотойгоор тус хэсгийн оршин суугчдын зүгээс шүүмжилж байна. Учир нь өнгөрсөн оны 7-р сард болсон Сэлбэ голын үерээс хойш өнөөдрийг хүртэл хотын захиргаанаас хийсэн тодорхой ажил байхгүй байна гэж сэлбэ хотхоны оршин суугчдын зүгээс хэлсэн юм. Мөн Сэлбэ хотхоны оршин суугчдын зүгээс олон шаардлагыг хүргүүлж байсан ч тодорхой хариуг огт өгөөгүй гэж тэд хэлж байна.

Тиймээс шар усны үер болон зуны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд сэлбэ орчмын лаг шавар хайлс, бургасыг зөөх зэргээр ажиллах хэрэгтэй гэж Сэлбэ хотхоны оршин суугчдын зүгээс мэдээллээ. Мөн хурдан хугацаанд үерийн далангаа барих хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн УОК-оос сэлбэ хотхоны сөх дээр хувин, усны гутал, элс хайргаа бэлдээрэй. Машинуудаа гараашнаас гаргаарай гэсэн мэдэгдэл байнга ирж байгаа гэдгийг тэд хэлж байна.