Гүрж улсын эрх баригч намын хууль тогтоогчид “Гадаадын агент”-ийн тухай маргаан дагуулсан хуулийн төслийг батлахаар улайрч байна
Гүрж улсын эрх баригч намын хууль тогтоогчид Барууны орнуудын шүүмжлэлд өртөж, дотооддоо эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхэд хүргэсэн “Гадаадын агент”-ийн тухай маргаан дагуулсан хуулийн төслийг батлахаар улайрч байна. Даваа гарагт Гүржийн хууль тогтоогчид уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ширүүн маргаан өрнүүлсэн бол тус улсын иргэд Парламентын ордныхоо гадаа талбайд эрх баригч намын шийдвэрийг эсэргүүцэн жагссан байна.

Даваа гарагт Гүржийн Засгийн эрх баригч намын парламент дахь бүлгийн дарга, Гадаадын агентийн тухай маргаан дагуулсан хуулийн төслийг санаачлагч Мамукаг индрээс үг хэлэх үеэр сөрөг хүчний гишүүн Алеко Елиашвили нүүр рүү нь цохисон хэрэг гарсан байна.

Харин энэ үеэр Гүрж улсын иргэд ОХУ-д хэрэгжиж байгаатай ижил хуулийн төслийг батлах гэж зүтгэж байгаа эрх баригчдаа эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, төв талбайдаа цугласан байжээ. Энэ сарын эхээр тус улсын засгийн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намын эрх баригчид “Хилийн чанадаас санхүүжилтийнхээ дийлэнх хувийг хүлээн авдаг төрийн бус болон хүмүүнлэгийн байгууллагуудыг гадаадын агент-аар бүртгэх, үгүй бол өндөр торгууль оногдуулах хууль тогтоомжийг сэргээнэ” гэж мэдэгдсэн юм.

Одоогоос жил гаруйн хугацааны өмнө Гүрж улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж дээрх маргаан дагуулсан хуулийн төслийг хүчингүй болгоод байсан юм. Харин “Гүржийн мөрөөдөл” нам дахин хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь тэдний европын холбоо болон нато-д элсэх төлөвлөгөөнд саад тотгор болно гэж шинжээчид үзэж байна.

Жагсаалд оролцож байгаа Гүржийн иргэд эрх баригчдаа ОХУ-тай харилцаа холбоогоо өргөжүүлж, хуулийн дагуу иргэний нийгмийн оролцоог хязгаарлаж, дотооддоо авторитар дэглэмийг хүчирхэгжүүлж байна гэж буруутгаж байгаа юм.  Харин Гүржийн эрх баригчид уг хуулийн төсөл хэрэгжсэнээр гадаадынхны тулгаж байгаа “Хуурамч либерал үнэт зүйлс” гэх тархи угаалттай тэмцээд зогсохгүй мөн ил тод байдлыг бий болгоно гэж мэдэгдэж байна.

“Гүржийн мөрөөдөл” нам болон тус намын нөлөө бүхий хууль тогтоогчдын хяналтад байдаг хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа нь дотоодын эсэргүүцэл тэмцлийг дээд цэгт хүргэх эрсдэлтэй байна.