2024 он гарсаар Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилон дроны халдлага үйлдэж, хэвийн үйл ажиллагааг нь доголдуулж эхэлсэн байна
2024 он гарсаар Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилон дроны халдлага үйлдэж, хэвийн үйл ажиллагааг нь доголдуулж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 3-р сарын байдлаар Украины дроны халдлагын уршгаар ОХУ-ын эрчим хүчний компаниуд үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 20 хүртэлх хувийг алдсан тооцоолол гарчээ.

Тэгвэл ОХУ-ын Төрийн өмчит эрчим хүчний компаниуд газрын тос боловсруулах үйлдвэрүүдээ богино хугацаанд засварлаж, 3-р сарын сүүлээр бараг 20 хувьд хүрсэн алдагдлаа 10 хувьд хүргэн бууруулж чадсаныг Ройтерс агентлаг албаны эх сурвалжаас эш татан мэдээллээ.

2024 он гарсаар Украины Зэвсэгт хүчин дэлхийн хоёр дахь том газрын тос экспортлогч болох ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилон дроны цохилт өгөх болсон юм. Дроны халдлагын уршгаар газрын тосны ханш өсөж, эрэлт ихсэж, нийлүүлэлтэд хүртэл нөлөөлж эхлээд байна.

Нөгөөтээгүүр ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын ард түмнийг тог, цахилгаанаас тусгаарлахын тулд оршин суугчдад цахилгаан түгээдэг станцуудыг онилж пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Иймд амьд үлдэхийн тулд Украины Засгийн газар ОХУ-ын мөнгөний машин болох газрын тосны үйлдвэрийг онилж, хохирол учруулах эрмэлзэлтэй байгаа гэдгээ хэдийн илэрхийлээд байна.

Гэхдээ энэ сарын сарын 2-ны өдөр ОХУ-ын эрчим хүчний Танеко компанийн газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагад өртсөн талаар мэдээлэл нийтлэгдсэнээс хойш өөр онцын зүйл огт тохиолдоогүй байна.

ОХУ-ын эрчим хүчний компаниуд үйлдвэрлэлийн урсгал засвар, аливаа доголдол зэргээ өрнөдийн технологи болон инженер, техникийн ажилтнуудын тусламжтайгаар засварладаг байсан юм. Харин Украины дайн эхэлснээс хойш асуудлыг зөвхөн өөрсдөө шийдвэрлэх ёстой болсон төдийгүй Украины дроны халдлагын дараа оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг сэргээн засварлахад нэлээдгүй хугацаа шаардана гэж шинжээчид үзэж байсан. Харин Ройтерс агентлагийн тооцоолсноор Роснефть компанийн эзэмшдэг Рязань дахь үйлдвэр, мөн CDU-4 болон Сызранийн CDU-5-ыг засварлаж дууссан байна.

ОХУ-ын эрчим хүчний компаниуд өнгөрсөн 3-р сард 4.1 сая тонн газрын тос боловсруулж, шатахуун, хөнгөн түлш үйлдвэрлэсэн бол энэ 4-р сар тоон үзүүлэлт 5 сая тонн давах төлөвтэй байна.