Иргэд цахим мөрийтэй тоглоомд анх 10.000 төгрөгийн бооцоо тавьдаг ч, даамжирсаар 10 сая төгрөгөөр хохирч байна
Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт их хэмжээний мөнгө эргэлдэж, иргэдийг хохироодог, бас тоглож буй хүнийг донтуулдаг байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар энэ төрлийн тоглоомын донтолтоор 50 орчим хүн СЭМҮТ-ээр үйлчлүүлж, зөвлөгөө, мэдээлэл авч байна.

Иргэд цахим мөрийтэй тоглоом анх тоглохдоо 5000 төгрөг, 10.000 төгрөгөөр бооцоо тавьж эхэлнэ. Энэ бооцоо нь нэмэгдсээр 100.000, 1 сая төгрөг гээд сүүлдээ 10, 20 сая төгрөгөөрөө залуучууд хохирсоор байна.

Цахим мөрийтэй тоглоом нь давхар залилах гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гэмт этгээдүүд нь poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, хэд хэдэн хаягаар нэг тоглогчтой бооцоот тоглоом зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахим тоглоомын ширээнд 8 иргэнийг нэг группт оруулж тоглож байгаа ч тус иргэдийн олонх нь зохион байгуулагч этгээдүүд өөрсдөө байх тохиолдол олон байгаа буюу иргэн та 7 хүнтэй ганцаараа тоглож байна гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас данс царцаах, фэйсбүүк групп, фэйсбүүк хуудаснуудыг устгуулах, веб сайтыг хаалгах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэд орон сууц, автомашин, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа юм. Тиймээс энэ нөхцөл байдалд орж донтсон иргэд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй гэсэн юм.

Монгол улсын эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450.000-1.400.000 төгрөгөөр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. Мөн тус хуулийн 2 дахь хэсэгт цахим мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Үүнээс гадна мөнгөн торгууль төлөх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авдаг байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 100.000 төгрөгөөр торгоно гэсэн хуулийн зохицуулалттай байна.