Манай улсын 15 их, дээд сургууль аялал жуулчлалын мэргэжлээр сургадаг ч элсэгчдийн тоо 2010 оноос хойш тасралтгүй буурчээ
Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар сэргэж манай улсыг зорих жуулчдыг тоо эрс нэмэгдэж байна. Гэсэн ч тухайн салбарт хүний нөөцийн дутагдал байсаар байна. Хэдийгээр улсын хэмжээнд 15 их, дээд сургууль аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг ч, элсэгчдийн тоо 2010 оноос хойш тасралтгүй 87 хувиар буурсан байгаа нь сэргэлттэй яваа аялал жуулчлалын салбарт сөрөг үр дагавар дагуулахаар байна.

Аялал жуулчлал бол улс, үндэстнийхээ онцлогийг бизнесийн бүтээгдэхүүн болгон жуулчдад борлуулж ашиг, орлого олохын хажуугаар үндэснийхээ өв соёл, байгалийн үзэсгэлэн зэрэг давуу талаа сурталчилдаг давхар ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, “Нэг сумаар олон туулай бууддаг” салбар. Тиймээс тус салбарт ажиллах боловсон хүчин бизнесийн менежмент, түүх, соёлын гээд хосолмол мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар салбарын мэргэжлийн хүний нөөц эрэлтээ хангаж чадахгүй байна. Улмаар гадаад хэлний мэдлэгтэй, харилцааны соёлтой оюутан, залуус зуны цагт тус салбарт ажиллаж байгаа ч өнөөх хосолмол мэдлэг, мэргэжлийн ур чадваргүйн улмаас цөөнгүй эрсдэл бий болдог байна.

Нэг жуулчныг сэтгэл ханамж өндөртэй буцаахад дахин 10 жуулчин манай улсыг зорин нөхцөлийг бий болгодог гэж үздэг. Гэвч энэ мэтчилэн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь ирээдүйн боломжийг үгүй хийж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тиймээс ч Засгийн газраас зарласан эрэлттэй мэргэжлийн жагсаалтад аялал жуулчлалын мэргэжилтнийг оруулсан байна. Мөн нийгэмд аялал жуулчлалын мэргэжлийн ойлголтыг дэлгэрүүлэх шаардлагатай байна.

Мөн 2023 онд шинэчлэн баталсан аялал жуулчлалын тухай хуульд аяллын хөтөч, тайлбарлагч заавал мэргэжлийн үнэмлэхтэй байх зохицуулалт оруулжээ.

Аялал жуулчлалын салбарыг тогтвортой, өсөлттэй салбарын болгохын тулд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ нь аялал, зугаалга бус улс орны эдийн засгийн өсөлт, экспортын гарц, олон улсад танигдах боломж зэрэг олон давуу талыг бий болгох юм.