Пакистан, Афганистанд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ
Арабын Нэгдсэн Эмират улсад хоёр хоног үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас хурдны замууд үерийн усанд автаж, дэлхийн хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлуудын нэг болох Дубайн хөөрөх зурвас бүхэлдээ үерийн голомт болжээ. Мөн энэ хугацаанд Пакистан болоод Афганистан улсад ч үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, бүс нутагт үерийн гамшиг нүүрлээд байна. 

Арабын Нэгдсэн Эмират улсын эрх баригчид өнгөрсөн хоёр хоногт сүүлийн 75 жил бүртгэгдээгүй их усархаг бороо орсныг мэдэгдсэн байна. Үерийн гамшгийн уршгаар тус улсын хэмжээнд нэг хүн амиа алдсан нь тогтоогдсон бөгөөд 70 настай эрэгтэй машинтайгаа үерийн усанд урссан гэж холбогдох албанаас мэдээлжээ. Арабын Нэгдсэн Эмират улсын цөлийн Дубай хотод 30 гаруй цагийн турш 148 миллиметр бороо орсноор урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй түүхэн дээд үзүүлэлт болжээ. Энэ нь Дубай хотод бараг хоёр жилийн хугацаанд ордогтой адил хэмжээний хур тунадас байна. Тэгвэл Дубайн олон улсын нисэх онгоцны буудалд жилд дунджаар 94.7 миллиметр хур тунадас ордог бол өнгөрсөн 30 гаруй цагийн хугацаанд үүнээс их хэмжээний бороо орсноор иргэний нисэхийн зорчих хөдөлгөөн саатсан байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 20 гаруй хуваарьт нислэг цуцлагдаж, үерт автсан барилга байгууламжид оршин суудаг хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Тэгвэл өнгөрсөн хоёр хоногт Пакистан, Афганистан хоёр улсад мөн үргэлжилсэн хүчтэй аадар бороо орсны дараа үер бууж, гамшгийн түвшинд хүрсэн байна. Хөрш хоёр улсад үерийн гамшгийн уршгаар нийт 100 гаруй хүн амь үрэгдсэн нь тогтоогдоод байна. Тухайлбал Афганистан хамгийн их хохирлыг амссан бөгөөд тус улсын 23 мужид хүчтэй аадар орж, үер буусны уршгаар 70 орчим хүн амиа алдаж, 1500 орчим байшин барилга бүрэн болон хэсэгчлэн усанд автаж, сүйдсэнийг холбогдох албанаас мэдээлжээ. Афганистны 250 километр хавтгай дөрвөлжин километр газар нутагт үерийн гамшиг нүүрлээд байгаа юм байна.  Афганистан улс нь олон жилийн мөргөлдөөний дараа ээлж дараалан байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа юм. Тухайлбал зөвхөн өнгөрсөн 2023 онд 150 гаруй хүн өвлийн хүйтэнд осгож нас барснаас гадна өнгөрсөн 10-р сард тус улсын баруун хэсэгт орших херат мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амь үрэгдсэн юм. Бүс нутгийн хэмжээнд үргэлжлэн орсон ширүүн бороо нь Афганистантай хил залгаа Пакистаны Хайбер-Пахтунхва мужийг дайран өнгөрсөн бөгөөд гэнэт их хэмжээний хур тунадас орсны уршгаар гамшгийн аюул нүүрлэж, улмаар 32 хүн амиа алдсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.