Өдөрт 1-2 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна
Энэ оны эхний 3 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 149 осол бүртгэгджээ. Хамгийн сүүлд өчигдөр буюу энэ сарын 17-нд хоёр авто машин мөргөлдсөний улмаас явган зорчиж байсан 5 хүүхэд хүндээр гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ. Зам тээврийн осол нь жолоочийн хариуцлага, анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарч байгаа гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна. Мөн жолооны сургалтын төвүүдийн чанарт ч анхаарах шаардлагатай болсныг тэд хэлж байна. 

Өчигдөр буюу энэ сарын 17-нд ЧД-ийн 15-р хороо Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас 6-16 насны 5 хүүхэд 1 том хүн хүнд гэмтэж гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд яаралтай хүргэгдсэн бол 16 настай хүүхэд газар дээрээ амиа алджээ. Тэгвэл жолооч хааз, тормозоо андуурч гишгэсний улмаас осол гарсан талаар албан бус сурвалж мэдээлээд байгаа юм. Харин дээрх шалтгааны улмаас осол гарсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Зам тээврийн осол гэмтэл Монгол улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын нэгд тооцогдож байна. Тэр дундаа 15-29 насныхны нас баралтын голлох шалтгаан нь зам тээврийн осол болж байгаа статистик мэдээлэл байна. Манай улсад зам тээврийн ослын улмаас жилд 500 гаруй хүн нас бардаг. Өөрөөр хэлбэл, өдөрт 1-2 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Зам тээврийн осолд олон хүчин нөлөөлдөг ч дийлэнхдээ жолооч хариуцлагагүй, дүрмийн мэдлэггүйн улмаас осол гаргаж байгаад иргэд бухимдаж байна. Тиймээс чанаргүй жолооны сургалтын үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалт явуулах шаардлагатайг хэлж байна.

Монгол улсын үндсэн хуульд иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч иргэд явган хүний замаар зорчих үедээ ч осол аваарт ийнхүү өртөх тохиолдол буурахгүй байна. Тэр дундаа зам тээврийн ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учир хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.